Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшлов

Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшлов

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц нарын 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийн хянан шүүх хуралдаан хойшиллоо. 

Шүүх хуралдаан өнөөдөр 11.00 цагт Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч шүүгдэгч Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэн, Ц.Туяа, шүүгдэгч С.Эрдэнэбатын өмгөөлөгч Д.Дандийядам, шүүгдэгч С.Баярын өмгөөлөгч Ц.Баярмаа, шүүгдэгч Ү.Отгонбаярын өмгөөлөгч Г.Цомонгэрэл нар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралтай давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг бичгээр тус шүүхэд ирүүлсэн байна. Харин шүүгдэгч О.Бархасбадийн өмгөөлөгч Н.Буянжаргал нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болжээ.

Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхийг нь хангаж, мөн хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болж байна. Иймд шүүгдэгч Б.Хурц нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2020 оны долоодугаар сарын 16-ны  09.30 цаг хүртэл хойшлууллаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.