Украин Чернобылийн АЦС-ын ослын тухай нууц материалуудыг ил болгожээ
Украины Аюулгүй байдлын албаны архив, Украины Үндэсний ой санамжийн хүрээлэн Чернобылийн цахилгааны станцын барилгын ажил болон тус станц дээр гарсан ослын талаарх нууц баримт бичгийг ил болгожээ. Украины Үндэсний ой санамжийн хүрээлэн “Улсын аюулгүй байдлын хорооны Чернобылийн хавтаст хэрэг. Бүтээн байгуулалтаас осол хүртэл” эмхтгэлийн хоёрдугаар ботийг танилцуулах арга хэмжээг Чернобылийн хориотой бүсэд цахим хэлбэрээр зохион байгуулжээ.
Тус номд 1970-аад оны эхэн үеэс 1986 оны арваннэгдүгээр сарын хооронд өрнөсөн үйл явдлын талаарх баримт бичгүүдийг оруулсан байна. Нийт 229 материал орноос ихэнх нь анх удаа нийтлэгдэж байгаа аж. Архивын хавтаст хэргээс үзвэл, Чернобылийн атомын цахилгаан станц дээр түүхэн дэх хамгийн том осол гарсан 1986 оны дөрөвдүгээр сараас ч өмнө хэд хэдэн осол гарч байсан хэдий ч энэ талаар мэдээлдэггүй байжээ. Номд 1986 онд гарсан хэд хэдэн ослын талаарх мэдээлэл, дөрөвдүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө тус станцад утсаар ярьсан яриануудын бичлэг, осол гарсан тухай анхны мэдээллийн хуулбар, мөрдөн шалгалт эхлүүлсэн тухай мэдээлэл, станц дээр осол гарсан блок дээрх цацрагийн аюулаас тусгаарлах байгууламжийн барилгын талаарх мэдээллийг мөн багтаасан байна.
Үүнээс өмнө Украины тусгай алба Чернобылийн атомын цахилгаан станцын барилгын болон монтажны ажлын чанаргүй байдал, станц дээр технологийн сахилга, аюулгүй байдлын дүрмийн зөрчлийн талаарх нууц баримтуудыг ил болгосон билээ. Ил болгосон нууц материалуудаас үзвэл, 1971-1981 оны хооронд тус станц дээр нийт 29 ослын зогсолт хийж байжээ. Эдгээрээс найм нь ажилтнуудын буруугаас болсон аж. Түүнчлэн, 1986 оны аймшигт ослын үр дагаврыг хэрхэн арилгасан тухай, төрийн байгууллагууд ийм хэмжээний осолд бэлэн бус байсан тухай материалуудыг ил болгосон байна. Ослын үеэр шаардлагатай тусгай хувцас, хэрэгсэл, техник төхөөрөмж дутагдалтай байсныг мөн түүхэн баримтууд илтгэж байна. Түүнчлэн цацрагийн нөхцөл байдлыг хангалттай судлаагүйгээс гадна 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд гарсан ослын дараа атомын цахилгаан станцын удирдлагын пульт хэсэг хугацаанд хүний хяналтгүй байсныг архивын материалууд илтгэж байна.
https://zindaa.mn/3ah6
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.