Махны үйлдвэрт халдвар тархах эрсдэл яагаад өндөр байна вэ?
Дэлхийн олон оронд мах боловсруулах үйлдвэр, мал нядалгааны газрын олон зуун ажилтан коронавирусний халдвар авсан байна.
Тодруулбал, Уэльсийн Англси арлын тахианы мах боловсруулах үйлдвэрт 150 гаруй ажилтан, Уэльсийн Рексем хот, Английн Уэст-Йоркшир тойргийн үйлдвэрүүдийн ажилтнууд халдвар авчээ.
Мөн Герман, Франц, Испани, АНУ-д ийм тохиолдлууд бүртгэгдсэн байна.
"Манай холбоо мах боловсруулах үйлдвэрүүдэд халдвар тархах эрсдэл өндөр байгааг олон дахин анхааруулсан" гэж Их Британи, Ирландын “Unite” үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч Бев Кларксон мэдээлжээ.
Махны үйлдвэрийн ажилтнууд яагаад халдвар авч байна вэ?
Коронавирус агаар дуслаар буюу ханиах, найтаахаас гадна амьсгалах төдийд дамждаг. Мөн вирус тогтсон гадаргуугаар халдвар тархдаг тул үйлдвэрийн ажилтнууд халдвар авах эрсдэл өндөр байгаа юм байна. Үйлдвэрүүд, ялангуяа хүйтэн, чийгтэй орчин нь коронавирус тархах таатай нөхцөлийг бүрдүүлж байна гэж Уорикийн их сургуулийн молекул судлалын профессор Лоуренс Янг мэдээлжээ.
Мөн үйлдвэрийн ажилтнуудын хувьд хурдан ажиллагаатай үйлдвэрийн шугам дээр ажиллаж байгаа тохиолдолд хоёр метрийн зай барих нь хүндрэлтэй байгаа ажээ. Түүнчлэн нарны гэрэл бага тусдаг тул вирус устах магадлал бага байгаагаас гадна хөргүүр гэх мэт олон төрлийн тоног төхөөрөмж бүхий үйлдвэрүүд нь чимээ шуугиан ихтэй байдаг тул ажилтнууд чанга юм уу хашгирч ярих шаардлага үүсдэгтэй холбоотойгоор халдвар дамжих эрсдэл нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд тэмдэглэжээ.
Харин махан бүтээгдэхүүнээс халдвар дамжих эрсдэл бий эсэх талаарх нотолгоо одоогийн байдлаар байхгүй байгаа ажээ.
Ажилтнуудыг хамгаалахын тулд юу хийж байна вэ?
Их Британийн Засгийн газар хоол хүнс боловсруулах салбарын ажилтнуудын баримтлах удирдамжуудыг гаргасан бөгөөд үүнд хоорондоо хоёр метрийн зай барих зэргийг тусгажээ. Мөн Их Британийн Мах боловсруулагчдын холбоо ердийн үеийнхээс илүү олон удаа цэвэрлэгээ хийж, шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдийг тусгаарлаж, ажил эхлэх, завсарлах цагийг сөөлжүүлэхийг зөвлөжээ.
Германы Засгийн газар мял нядалгааны газарт аутсорсинг хийх буюу зарим ажиллагааг өөр газарт хариуцуулахыг хориглосон байна. Мөн АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх газар үйлдвэрлэлийн шугамыг сааруулж, ажилтнуудын хооронд хаалт байрлуулж, амны хаалт зүүлгэхийг зөвлөсөн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.