Николас Мадуро суудлаасаа огцрох асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахад бэлэн гэдгээ мэдэгдэв
Венесуэл улсын ерөнхийлөгч Николас Мадуро өөрийн суудлаасаа огцрох асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахад бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. Хэрэв энэхүү санааг дэмжигчид хангалттай хэмжээний гарын үсэг цуглуулж чадвал тэрээр 2022 онд бүрэн эрхээ цуцлах тухай бүх нийтийн санал асуулга явуулах болно гэж онцолсон байна. Түүний хийсэн энэхүү мэдэгдлийг улсын төв телевиз шууд дамжуулан үзүүлжээ.
2022 оны 1-р сарын 10-нд Ерөнхийлөгч Николас Мадурогийн бүрэн эрхийг цуцлах тухай бүх нийтийн санал хураалтад гарын үсэг цуглуулж эхлэх боломжтой болох юм. Энэхүү санааг дэмжигчид гадаа гудамж талбайд гарч иргэдээс гарын үсэг цуглуулж болно гэж Венесуэлийн төрийн тэргүүн Мадуро хэлсэн байна. Тэрээр 2019 оны 1-р сарын 10-нд ерөнхийлөгчийн бүрэн эрхээ авсан. Түүний бүрэн эрхийн хугацаа 2025 оны 1-р сарын 10-нд дуусгавар болох юм. Энэ жил тус улсад Үндэсний Ассамблейн сонгууль, 2021 онд орон нутгийн сонгууль болно хэмээн Мадуро сануулж хэлсэн байна.
Венесуэлд бие даасан ард түмэн төр засгийн эрхэнд хэнийг сонгож, хэнийг огцруулахыг санал хураалтаар шийддэг гэдгийг тэрээр онцолсон юм. Венесуэлийн үндсэн хуульд зааснаар, төрийн зүтгэлтэнг сонгогдсон хугацааны хагас нь өнгөрсний дараагаар түүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө цуцлах тухай бүх нийтийн санал асуулга явуулж болно хэмээн тусгасан байдаг юм байна.
http://www.mnb.mn/i/210473
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.