Нийт хог хаягдлын 15 хувь нь барилгын хог хаягдал байдаг
Монгол Улсад жилд 1.4 сая.тн хог хаягдал бий болдог гэсэн судалгаа байдгаас, үүний 15 хувийг барилгын хог хаягдал, 25 хувийг үнсний хаягдал, 60 хувийг ахуйн хог хаягдал эзэлж байна.
Барилгын салбар хөгжих тусам өсөн нэмэгдэж байгаа барилгын хог хаягдлын хэмжээ улам нэмэгдэх хандлагатай байна. Барилга угсралт болон буулгалт, айл өрхийн урсгал засвараас бетон, тоосго, хөөсөнцөр, сав баглаа боодлын хог хаягдлууд ихээр гардаг. Барилгын хог хаягдал жил бүрийн 3, 9 болон 10 дугаар сард ихэсдэг. Энэ нь Монголд барилга угсралт, буулгалтын ажил улирал, цаг агаарын байдлаас шууд хамааралтай байдгийг харуулж байна.
Жилд дунджаар 100 мянган тонн барилгын хаягдал гаргадаг ч энэ төрлийн хог хаях зориулалтын төвлөрсөн цэг байдаггүй. Саяхныг болтол Туул голын бургас, хөл хөдөлгөөн багатай хотын захын дүүргүүдэд барилгын хог хаягдлыг асгаж хогон овоо бий болгодог байлаа. Манай улс сүүлийн 20 гаруй жилд барилгын салбар огцом өсөлттэй хөгжиж байгаа ч барилгын хог хаягдлын менежмент болон дахин боловсруулах талаар ямар нэг дэвшил гаргаж чадаагүй л байна.
Өнөө үед улс орнууд дэвшилтэт технологи ашиглан хог хаягдлыг ангилан ялгаснаар дахин боловсруулах олон боломж, гаргалгааг бүрдүүлж чадсан юм байна. Харин манай улсад ялангуяа нийслэл хотод барьсан, нураасан барилгынхаа хог хаягдлаа “Их нарангийн дэнж”, “Цагаан даваа” Морингын давааны төвлөрсөн цэгүүдэд аваачиж овоолсоор л байгаа юм. Гэхдээ уг цэгүүдэд ирсэн бүх төрлийн хог болон барилгын материалын хог хаягдлыг тус тусад нь ялгалгүй нийлүүлсэн нь хожмоо нэлээд ангилан ялгахад нэлээд бэрхшээл тулгарч, цаг хугацаа зарцуулах юм.
Мөн барилгын их хэмжээний хог хаягдал бол байгаль орчныг болон хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг өнөөдөр тусгайлан авч үзэж, ангилан ялгаж, дахин боловсруулах зайлшгүй шаардлага бий болоод байна.
Иймд, Барилга хот байгуулалтын сайдын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 48 дугаар тушаалаар Барилгын хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам батлагдсан.
Энэхүү журмын зорилго нь барилгын хог хаягдлын удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, хүрээлэн буй орчин, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгалийн нөөц баялгийг хэмнэх, эдийн засгийн эргэлтэд оруулахад оршиж байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.