Өнөөдөр Турк улсад 11 хүний эрх хамгаалагчийн шүүх хурал болно
Дээрх хүний эрх хамгаалагчдыг “террорист байгууллагад сайн дураар тусалсан” гэх хэргээр гурав жил орчим мөрдөн шалгасан ч гэм буруутайг нь тогтоосон нотолгоо олдоогүй бөгөөд 10 гаруй удаагийн шүүхийн сонсголоор батлагдаагүй аж. Гэвч шүүх тэднийг буруутай гэж үзэх, улмаар 15 жил хүртэл хорих ял оноож болзошгүй байна.
Эдгээр 11 хүний эрх хамгаалагч нь хүний эрхийг хамгаалахад амьдралаа зориулж, ердөө хүний эрхийг хамгаалсныхаа төлөө хууль бусаар, шударга бусаар яллагдаад байгаа аж. Тодруулбал, тэдний нэг болох Туркийн Эмнести Интернэшнлийн өмнөх Удирдах Зөвлөлийн дарга, одоогийн хүндэт дарга болох Танер Килик 14 сар хоригдсоны эцэст 2018 оны наймдугаар сард батлан даалтаар суллагдсан. Бусад найман хүн 2017 оны аравдугаар сард суллагдах хүртлээ 4 сар орчим хоригджээ. Эдгээр 11 хүний эрхийн хамгаалагчаас гадна 1000 гаруй хүн эсэргүүцэгчдийн эсрэг авсан эрс арга хэмжээний үеэр баривчлагдан, хоригдсон хэвээр байгаа аж.
2019 оны 11 дүгээр сард болсон 10 дахь удаагийн сонсголоор прокурор эдгээр хүний эрх хамгаалагчдын тавынх нь хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргаж, зургааг нь буруутгахад Эмнести Интернэшнлийн Европ хариуцсан шинэ захирал Нилс Мюзиниекс “Хамтран зүтгэгчдэд маань юу ч тохиолдсон бид Турк улсад бүх хүнд шударга ёсыг авчрахын төлөө тэмцэх болно” хэмээн өгүүлжээ.
Эмнести Интернэшнлийн мэдээлж буйгаар Туркийн Эмнести Интернэшнлийн дарга Танер Киликийг 2017 оны зургаадугаар сарын 6-ны өдөр ажлынх нь байрнаас баривчилсан ба гурав хоногийн дараа түүнийг “Фетуллах Гүлен Террорист байгууллага”-ын гишүүн хэмээн хорьсон аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.