CoVid19: Вакцины төлөөх өрсөлдөөн

CoVid19: Вакцины төлөөх өрсөлдөөн

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Европын зарим удирдагчийн дэмжлэгтэйгээр коронавирусний вакциныг шударгаар хуваарилахын төлөө байр сууриа илэрхийлж байх үед зарим улс орон өөрийн иргэддээ зориулж вакцин авах онцгой эрх олж авахаар олон тэрбум ам.доллар зарцуулж байна. Анх дэлгэцнээ гарснаас хойш есөн жилийн дараа үзэгчдийг байлдан дагуулсан “Халдвар” кинонд вакцин гол дүрийн баатар болж хувирдаг. Түүний төлөө эрдэмтдийг барьцаалж, эмч нар өөртөө тарьж, дээрэмчид вакцин олж авахын тулд албан тушаалтнуудын гэрт дайран ордог. АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв албан ёсоор сугалаа зохион байгуулна гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл төрсөн он, сар, өдрөөс хамааран вакцин авах боломжтой.  Шинэ төрлийн коронавирусний эсрэг вакцин зохион бүтээсний дараа бодит байдал дээр юу болох вэ?


Амь амиа бодоорой

ДЭМБ-ын вакцин судлалын санаачилгыг 2009 онд удирдаж байсан Мари-Пол Кини энэ үйл явцын хамгийн хүнд зүйл нь бэлдмэлийг түгээх шударга нөхцөлийг бүрдүүлэх явдал гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Засгийн газрууд вакцинаа хуваалцахгүй байх хандлагатай гэж хэлж байсан Кинигийн зөв байв. Тухайн онд хэд хэдэн улс гахайн томуу гэгддэг H1N1 вирусний вакциныг гаргаж авсан. Эдгээрийн нэг болох Австрали улсын эрх баригчид вакцин үйлдвэрлэдэг компаниуддаа эхлээд дотоодын хэрэгцээг хангасны дараа гадаадад нийлүүлэх чиглэл өгч байжээ. Өдгөө бараг бүх улс орон вакцины дараалалд хэрхэн орох талаар толгойгоо гашилгаж сууна. Хэрхэн түгээх, үүнийг хэн шийдэх вэ гэсэн асуулт ДЭМБ-ын санааг зовоож байна. ДЭМБ энэ асуудлыг гишүүн улсуудтай хэлэлцэж буй гэх. Анхны вакциныг эмч, эмнэлгийн ажилтан, эмзэг бүлэг болсон өндөр настнуудад эхний ээлжид өгье гэсэн санал гарч байна. Үүний дараа л өөр шинэ бэлдмэлүүд гарч ирэхийн хэрээр бусад хүмүүс хүртэнэ. Гэхдээ энэ бол зөвхөн ДЭМБ-ын төлөвлөгөө. Вакциныг хамгийн түрүүнд гаргаж авсан улс хүн амынхаа ихэнх хэсгийг вакцинжуулалтад хамруулахаас нааш түүний экспортод хориг тавина гэж АНУ-ын Жонс Хопкинсын их сургуулийн цар тахал, халдварт өвчин судлаач Амеш Адалиа үзэж байна. Зарим улс орны тэргүүнүүд цар тахлын үед “амь амиа бодоорой” гэсэн зарчим үйлчлэх учиргүй гэж мэдэгдсэн. Тухайлбал, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон манай гарагийн хүн ам бүхэлдээ вакцин хүртэх ёстой гэж мэдэгдсэнийг Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо дэмжсэн билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага вакцины туршилтыг түргэтгэх, үйлдвэрлэлийг өргөжүүлэх, тэгш хүртээмжийг хангах зорилгоор Халдвар өвчинд бэлэн байдлыг хангах салбарын инновацын эвсэл (CEPI) зэрэг ивээн тэтгэгч компаниудтай хамтран ажиллаж буй. Хэрэв 2020 оны сүүлээр үр дүнтэй томьёог олж чадвал 2021 оны эцэс гэхэд улс орнууд хүн амаа вакцинжуулахад хангалттай тунтай болно гэж ДЭМБ тооцоолж байгаа аж.

Яагаад ийм удаан хугацаа гэж

Европын голдуу улс орнууд вакцин боловсруулах тал дээр хамтран ажиллаж, цар тахалтай тэмцэхэд зориулж мөнгө босгох ДЭМБ-ын кампанит ажилд нэгдэж байх зуур зарим улс орон өөрийн замыг сонгож байна. Өдгөө АНУ, ОХУ хоёр тус тусдаа ажиллаж байна. Одоогийн байдлаар Оросын компаниуд сард 5-6 сая тун бэлдмэл үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ нь Оросын хүн амыг вакцинжуулахад хангалттай ч дэлхийг бүхэлд нь тарихад мэдээж хүрэлцэхгүй. Цар тахлыг зогсоох зорилгод хүрэхийн тулд бүх нийтийн вакцинжуулалт хэрэгтэй. Гэтэл манай гарагийн хүн амыг бүхэлд нь вакцинжуулах үйлдвэрийн тийм хүчин чадал дэлхийд үгүй. “Economist” сэтгүүлд бичсэнээр, жилд дэлхий даяар нийт таван тэрбум орчим тун вакцин үйлдвэрлэдгээс 1.5 тэрбум нь улирлын томуугийн эсрэг вакцин. Бүх вакцины үйлдвэр зөвхөн коронавирусний эсрэг бэлдмэл үйлдвэрлэхэд дэлхийн 7.8 тэрбум хүн амыг вакцинжуулахад 1.5 жил шаардагдана. Харин шинжээчид сүргийн дархлаа тогтохын тулд хүн амын 80 хувийг тарихад хангалттай гэж ярьж байна. Гэтэл мэргэжилтнүүд нэг хүнд нэг бус хоёр тун хийх шаардлагатай гэж буйгаас үзвэл 12-15 тэрбум тун хэрэгтэй болж байна. Үүнтэй зэрэгцэн ДЭМБ, CEPI дэлхийн хүн амын эмзэг бүлэгт зориулж  хоёр тэрбум вакцин худалдан авах төлөвлөгөөг танилцуулжээ. Ингэснээр, 2021 оны эцэс гэхэд эмч, эмнэлгийн ажилтан, 65 дээш настай иргэд, чихрийн шижин зэрэг КОВИД-19 хүндээр өвчлөх эрсдэлтэй өвчтөнүүд вакцинжуулалтад хамрагдах аж. Харин энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ойролцоогоор 18.1 тэрбум ам.доллар шаардлагатай гэж ДЭМБ тооцоолжээ. Энэ нь тийм ч их мөнгө биш. Дэлхийн томоохон улс орнууд дэлхийн эдийн засгийг сэргээхэд нийт 10 гаруй их наяд ам.доллар зориулна гэж амласан

Үйлдвэрлэлийн хүчин чадлыг хэрхэн нэмэгдүүлэх вэ

Үйлдвэрлэлийн хүчин чадлын дэд бүтэц вакцины төрлөөс хамаардаг байна. ДНК, рибонуклеин хүчил, уураг зэрэгт суурилсан вакцин энэ тал дээр илүү амжилт олно. Гэхдээ үр дүнтэй вакцины “жорыг” мэдэлгүйгээр үйлдвэрлэлийн хүчин чадлыг урьдчилан тохируулах боломжгүй аж. Дэлхий дахин коронавирусийг тодорхойлох оношлуур үйлдвэрлэх явцад ийм асуудалтай аль хэдийн нүүр тулж байжээ. АНУ хувийн эмийн үйлдвэрүүдэд ихээхэн найдвар тавьж байгаа бөгөөд эмнэлзүйн туршилт хийх, гэрчилгээжүүлэх, үйлдвэрлэл эрхлэхэд нь тусалж байна. Тус улс “AstraZeneca”, “Johnson & Johnson”, “Merck”, “Sanofi” болон “Moderna” зэрэг таван компанитай ашигтай гэрээ хийгээд байна. Ямар шалгуураар эдгээр компанийг сонгосон нь тодорхойгүй. Герман, Франц, Итали, Нидерланд зэрэг улс нэгдэж, Британи, Шведийн хамтарсан “AstraZeneca” компанитай 300 сая тун вакцин нийлүүлэх гэрээ байгуулжээ. Яг ийм хэмжээтэй захиалгаа АНУ баталгаажуулсан байна. “AstraZeneca” компани шинэ вакцин гаргаж авахаар чармайж буй Оксфордын их сургуультай хамтран ажилладаг бөгөөд Их Британи хамгийн түрүүнд бэлдмэл авах эрхтэй гэж мэдэгдээд амжсан. Хамгийн гол нь өдгөө ямар жор үр дүнтэй, аль нь бүтэлгүйтэхийг урьдчилан таамаглах боломжгүй. Тиймээс амжилтгүй вакцинд хөрөнгө оруулсан улс эцсийн мөчид юу ч үгүй хоцрох болж байна. Үр дүнтэй тарилга зах зээл дээр гарч ирсэн эхний өдрүүдэд мэдээж хэрэг эрэлт асар өндөр байх бөгөөд харин тунгийн тоо хязгаартай байх болно. Энэ бол эрсдэлтэй асуудал. Ёс зүйн хувьд ч энэ бол буруу хандлага. Учир нь ингэснээр дэлхий дахин вакцингүй үлдэх аюултай гэж ДЭМБ-ын ажилтан Сумья Сваминатан онцолжээ. Харин “EY” компанийн шинжээчид коронавирусний вакцины 97 хувь нь зах зээлд гарч чадахгүй гэж үзэж байна. Учир нь эдгээр нь эмнэлзүйн туршилтыг давж чадахгүй аж.

Вакцины төлөөх тулаан

ДЭМБ-ын “ACT Accelerator” санаачилга патентын эрхийг хязгаарлах замаар үр дүнтэй вакциныг бүх дэлхийн хүртээл болгоход чиглэжээ. Гэтэл үүнтэй эмийн үйлдвэрүүд санал нийлэхгүй байх талтай. “Pfizer” компанийн тэргүүн уг санаачилгыг утгагүй гэсэн бол “AstraZeneca” компанийн тэргүүн патентын эрхийн хамт инновацад тэмүүлэх урам үгүй болно гэж мэдэгджээ. Жонс Хопкинсын их сургуулийн шинжээч Амеш Адалиа энэ санаачилгыг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж байна. Амжилттай вакцины томьёо үйлдвэрлэгчийн оюуны өмч байх болно. Онолын хувьд тухайн компани бусад орны үйлдвэрлэгчдэд лиценз олгох боломжтой ч жор нь нууц хэвээр үлдэнэ. Үүнийг олон орон ойлгож байгаа. Өнгөрсөн сард Германы Засгийн газар Хөгжлийн банкаар дамжуулан вакцин гаргаж авахаар ажиллаж буй биотехнологийн “CureVac” компанид хувь эзэмшихийн тулд 300 сая евро зарцуулсан. Хэвлэлээр АНУ тус компанийг худалдан авах санал тавьсан тухай мэдээлэл гарсны дараа Германы тал ийм алхам хийсэн билээ. Үр дүнтэй бэлдмэлийг хэн анх гаргаж авснаас үл хамааран вакцин бүтээгдсэнээс хойш хориглох заалттай хүмүүсээс бусад бүх хүнд хүрэх хүртэл хоёр жил шаардагдана гэж Амеш Адалиа үзэж байна. АНУ-ын анагаах ухааны ёс зүйн шинжээч Жонатан Морено вакциныг хамгийн түрүүнд чинээлэг улс орнууд авна гэдэгт эргэлзэхгүй байна. Төгс ертөнцөд ДЭМБ дэлхий даяар вакцинжуулалт зохион байгуулах төлөвлөгөө боловсруулах бүрэн эрх авах байв. Гэхдээ ойрын үед ийм зүйл тохиохгүй. Бодит байдал дээр болж буй зүйлийг вакцины төлөөх тулаан дахь үндсэрхэг үзэл гэж тодорхойлж болно гэж Жонатан Морено дүгнэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.