БНХАУ-ын даргын айлчлалыг цуцлах хүсэлт бүхий баримт бичгийг Японы Засгийн газарт хүлээлгэн өгчээ
Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга БНХАУ-ын дарга Ши Жинпиний тус улсад хийх төрийн айлчлалыг цуцлах хүсэлт гаргасан эрх баригч Либерал-Ардчилсан намын Гадаад бодлогын зөвлөлийн холбогдох тогтоолыг өнөөдөр албан ёсоор хүлээн авчээ.
“Кyodo” агентлагийн мэдээлж буйгаар, тэрбээр зөвлөлийн удирдлагатай ярилцах үеэрээ Засгийн газар энэхүү хүсэлтэд нухацтай хандана гэдгийг хэлсэн байна.
Уг тогтоолд БНХАУ Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хуулийг баталсантай холбогдуулан түгшиж буйгаа илэрхийлжээ. Түүнчлэн Хонконгийн өөртөө засах өргөн эрх мэдлийг хадгалах, “нэг улс-хоёр тогтолцоо” зарчмын дагуу оршин тогтнох тал дээр арга хэмжээ авахыг Японы Ерөнхий сайдаас шаардсан байна. Одоогийн нөхцөл байдалтай холбогдуулан Ши Жинпиний Японд хийх айлчлалыг цуцлахыг хүсэхээс аргагүйд хүрч байна гэж Либерал-Ардчилсан намын Гадаад бодлогын зөвлөл мэдэгджээ.
Тогтоолын текстийг анхны хувилбартай нь харьцуулахад харьцангуй зөөлрүүлж, намын ерөнхий нарийн бичгийн дарга Тошихиро Никаин саналыг харгалзжээ. Тэрбээр Бээжинтэй харилцаа улам муудаж болзошгүйд санаа зовж байгаагаа мягмар гарагт Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр илэрхийлсэн байна. Японы сайд нарын дийлэнх нь Абэгийн тэргүүлдэг Либерал-Ардчилсан намын гишүүд юм.
БНХАУ-ын дарга Ши Жинпинь энэ оны дөрөвдүгээр сард Японд айлчлахаар төлөвлөж байсан боловч цар тахлын улмаас хойшлуулсныг Токио тавдугаар сарын 5-нд мэдэгдсэн юм. Айлчлалын шинэ тов одоогоор гараагүй байна. БНХАУ-ын дарга 2008 оноос хойш Японд айлчлаагүй юм. Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын харилцаанд шинэ эринийг нээнэ гэж Японы Ерөнхий сайд нэг бус удаа мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.