Хүнсний ногооны үнэ тогтворжиж байна
ШӨХТГ төмс, хүнсний ногооны үнэ өссөнтэй холбогдуулан иргэдийн ирүүлсэн санал гомдлын дагуу тандан судалж хяналт хийж байна. Энэ дагуу тус газар "Барс", "Бөмбөгөр" зэрэг худалдааны төвийн удирдлага, менежер, худалдаа эрхлэгчидтэй уулзаж, хүнсний ногооны үнэ өссөн шалтгаан, нөхцөл байдлын талаар хэлэлцэв.
Уулзалтад ХХААХҮЯ-ны холбогдох газрын мэргэжилтүүд оролцож, өнөөдрийн байдлаар манай улсад 2800 тонн гаруй төмсний нөөц байна. Хүнсний ногооны нөөц дуусах болоогүй, импорт хэвийн байгаа учир үнэ өсөх шалтгаан байхгүй гэдгийг мэдэгдлээ. Мөн энэ сарын 15-наас шинэ ургацын ногоо худалдаанд гарч эхэлнэ гэдгийг давхар дурдлаа. Худалдааны төвүүдийн менежерүүдийн хэлж буйгаар хилийн хорио болон дотоодийн эрэлттэй холбоотой хүнсний ногооны үнэ нэг хэсэг өссөн ч одоо импорт нэмэгдэж буй учир хүнсний ногооны үнэ буурч тогтворжиж байна тайлбар өгөв.
ШӨХТГ "COVID-19"-ийн цар тахлын үед аливаа бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг тогтвортой байлгах үүднээс байнгын хяналт шалгалт хийж байна. Энэ дагуу дээрх уулзалтыг зохион байгуулжээ.
Өнөөдрийн байдлаар “Барс” худалдааны захын бөөний агуулахад монгол төмс 1300 төгрөг, хятад төмс 1100 төгрөгийн үнэтэй байна. Бусад зах, худалдааны төвд монгол төмс кг нь 1900-2000, хятад төмс 1600-1800 төгрөг байна.
ШӨХТГ худалдаа эрхлэгч байгууллага, ААН-үүдэд худалдааны хууль бус үйл ажиллагааны улмаас хэрэглэгч хохирч болохгүй гэдгийг анхааруулж, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг санууллаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.