Комейл Гасеми, Билял Махов хоёр олимпын аварга боллоо

Комейл Гасеми, Билял Махов хоёр олимпын аварга боллоо

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2012 оны Лондоны олимпын наадмын чөлөөт бөхийн 120-кг-ийн жингийн медалийн асуудлыг шийдвэрлэлээ.

Тус олимпын наадмын чөлөөт бөхийн 120 кг-ийн жингийн аварга Артур Таймазов (Узбекистан) допинг хэрэглэсэн нь тогтоогдсон тул алтан медалийг нь хураан авах шийдвэр гаргасан. Хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медаль хүртсэн Гүржийн Давит Модзманашвили ч мөн допингоор медалиа хураалгах болсон билээ. Хагас шигшээд Ираны Комейл Гасеми Таймазовт, ОХУ-ын Билял Махов Модзманашвилид ялагдаж хүрэл медаль зүүсэн.

ДБНХ-ноос Гасеми, Махов хоёрт хоёуланд нь алтан медаль өгөх боллоо. Ийнхүү олимпын түүхэнд анх удаа хоёр бөх нэг жинд олимпын аварга болж байгаа юм. Олимпод нэг жинд алт, мөнгөн медаль хүртсэн бөхчүүд хоёулаа допингоор медалиа хураалгаж байсан түүх байхгүй тул ДБНХ-ны дүрэмд ч энэ талаар заалт байсангүй. Холбооноос шинэ дүрмийн заалт оруулж, ийм тохиолдолд хүрэл медаль авсан хоёр бөхөд алтан медаль олгож, мөнгөн медалийг хэнд ч өгөхгүй байх шинэ заалттай боллоо.

Комейл Гасеми Лондонд Аржан Бхулар (Канад), Артур Таймазов (Узбекистан), Ник Матюхин (Герман), Тервел Длагнев (АНУ) нартай барилдсан.

Махов тус олимпод Жамалудин Магомедов (Азербайжан), Таха Акгуль (Турк), Ж.Чулуунбат (Монгол), Давит Мозманашвили (Гүрж), Даулет Шабанбай (Казахстан) нартай барилджээ.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.