Оклахома муж улсын захирагч халдвар авчээ
АНУ-ын Оклахома муж улсын захирагч Кевин Ститт коронавирусний шинжилгээний хариугаа эерэг гарсан талаар лхагва гарагт мэдэгджээ. Түүнийг халдвар авсан анхны муж улсын захирагч гэж үзэж байна.
“Миний өчигдөр өгсөн шинжилгээний хариу эерэг гарсан. Биеийн байдал маань сайн байна” гэж К.Ститт сэтгүүлчидтэй дүрс бичлэгээр дамжуулан ярилцах үеэрээ хэлжээ. Тэрбээр Ерөнхийлөгч Дональд Трампын Оклахома муж улсын Талса хотод өнгөрсөн зургаадугаар сарын 20-нд зохион байгуулсан цуглаанд оролцсон зочдын нэг юм.
Оклахома муж улсын захирагч шинж тэмдэг илэрч эхэлснээсээ хойш мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд тэдний үзэж буйгаар, К.Скитт бямба гарагт халдвар авсан байж магадгүй ажээ.
Оклахома нь “COVID-19” халдварын тохиолдлын тоо нэмэгдэж буй олон муж улсын нэг юм. Тус муж улсад лхагва гаргийн байдлаар халдварын тохиолдлын тоо хоёр өдөр дараалан хамгийн олноор нэмэгдсэн бөгөөд нийт 22 мянга гаруй хүн халдвар авчээ.
Өдгөө 47 настай К.Скитт амны хаалт зүүхийг оклахомачууддаа уриалдаг байсан боловч өөрөө тун ховор зүүдэг байсан бөгөөд амны хаалт заавал зүүхийг үүрэг болгоогүй байна.
“Би эдгэрэх хүртлээ гэр бүлийнхнээсээ тусгаарлагдан гэрээсээ ажиллана” гэж тэрбээр мэдэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.