Азербайжан, Армены хууч хөдлөв

Азербайжан, Армены хууч хөдлөв

Азербайжан, Армены Зэвсэгт хүчний хоорондын мөргөлдөөн улам бүр гүнзгийрч байна. Тус хоёр улсын хил дээр өнгөрсөн ням гарагт эхэлсэн зэвсэгт мөргөлдөөн артиллерийн галаар үргэлжлэв. Талууд бие биенийгээ буруутгахын зэрэгцээ хил дээр үүссэн нөхцөл байдал хурцдаад байна. Хэрэг явдал хуучнаар Уулын Карабах, одоогийн Бүгд Найрамдах Арцах Улсаас газар зүйн хувьд хол болсон нь сөргөлдөөн зөвхөн газар нутгийн маргаанаас хальсныг илтгэж байна.

Энэ сарын 12-ны өдрийн үдээс хойш Армены Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд Азербайжан, Армены улсын хилийн Товуз дүүргийн хэсэгт тогтоосон гал зогсоох дэглэмийг бүдүүлгээр зөрчин артиллерийн зэвсгээр бидний байршил руу гал нээсэн гэж Азербайжаны Батлан хамгаалах яамны мэдээлэлд дурджээ. Мэдэгдэлд мөргөлдөөний үеэр дөрвөн цэрэг амь үрэгдэж, таван хүн шархадсан тухай мэдээлсэн байна. Ингэхдээ Азербайжан Армены талаас 20 орчим цэрэг амь үрэгдэж, шархадсан гэж мөн мэдэгдсэн ч Армены Батлан хамгаалах яам үүнийг үгүйсгээд, хоёр цагдаа, гурван гэрээт цэргийн алба хаагч хөнгөн гэмтэл авсан тухай мэдээлсэн билээ.2016 оны дөрөвдүгээр сард талууд гал зогсоох тухай зарласан ч хил дээр үе үе буудалцаан болж байжээ. Өнгөрсөн сарын сүүлээр Баку өдөр тутам 50 гаруй удаа буун дуу гарах болсон тухай мэдээлж байсан бол энэ сарын 8-нд өгсөн мэдээллээр, буудалцааны тоо хоногт 78 болж өсжээ.

Шийдвэрлэх арга зам

Азербайжан ч тэр, Армен ч тэр гаднын түншүүддээ хандан тусламж эрээд буй. ОХУ-д суугаа Армены Элчин сайд Вардан Тоганян Ереван Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын (ХАБГБ) зүгээс хариу үйлдэл хийнэ гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна. Энэ байгууллагад Армен, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ, Тажикстан улс ордог. Азербайжан, Армены хил дээр үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан ХАБГБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Станислав Зась тус байгууллагын байнгын зөвлөлийн шуурхай хуралдаан зарласан бол Баку олон улсын байгууллагуудад болсон хэрэг явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргүүлсэн бөгөөд боломж гарвал олон улсын цэргийн шинжээчдийг урьж, өдөөн хатгалгыг хэн эхлүүлснийг шалгуулах болно гэж мэдэгдэв.

Мөргөлдөөнийг зохицуулахад чиглэсэн яриа хэлэлцээний үйл явц 1992 онд байгуулагдсан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Минскийн бүлгийн зуучлалын дагуу явж байна. Энэхүү бүлгийг ОХУ, Франц, АНУ даргалдаг. Гэтэл Азербайжан Уулын Карабах улсыг мөргөлдөөнд оролцогч тал гэж үзэхгүй байгаа бөгөөд тус улстай яриа хэлэлцээ хийхээс татгалзаж байгаа юм. Минскийн бүлгийг даргалагч улсууд Баку, Ереванд яриа хэлэлцээгээ сэргээж, ажиглагчдыг хүлээн авахыг уриалсан. Гэвч тус хоёр улсын гадаад хэргийн сайд нарын хийсэн мэдэгдлээс үзвэл асуудал шийдэгдэх нь хол байна. Талууд тохиролцоонд хүрэх яагаа ч үгүй байгааг өнгөрсөн өдрүүдэд болсон буудалцаан гэрчилж байна. Энэ хэрэг явдал Азербайжаны Товуз, Армены Тавуш мужийн хил дээр болсон. Энэ бүс хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабах улсаас газар зүйн хувьд хол болсон нь нөхцөл байдал даамжирсныг илтгэж байна гэж шинжээчид үзэж байна.

Цаад шалтгаан

Энд зөвхөн Карабахын төлөө эсвэл овог аймгуудын хоорондын сөргөлдөөн бус Армен, Азербайжаны мөргөлдөөний асуудал яригдаж байгаа бөгөөд мөргөлдөөний хүрээ өргөжиж болзошгүй гэж зарим шинжээч үзэж байна. Нэг талаас газар нутгийн төлөөх мөргөлдөөн гэдэг нь илт ч нөгөө талаас үзвэл энэ мөргөлдөөн үндэстэн хоорондын шинж чанартай болохыг тод томруун харуулж байна. Тиймээс өдгөө нөхцөл байдал тус хоёр улсын хооронд шууд мөргөлдөөн болж өргөжих эрсдэлийг бий болгоод байна. Одоогийн байдлаар улс төрийн аргаар асуудлыг шийдвэрлэх ямар нэг боломж ажиглагдахгүй байгаа бөгөөд аль аль талд мөргөлдөөнийг зохицуулах сонирхол үгүй нь яриа хэлэлцээг гацаахад хүргэж байна. Карабахын сэдэв  Армены ч тэр, Азербайжаны ч тэр улс төрийн элитүүдийн амин чухал асуудал гэж шинжээчид онцолж байна. Энэ бол тэдний улс төрийн капиталын гол хэсэг. 2016 онд Азербайжаны дотоодын улс төрийн нөхцөл байдал хурцдаж, нийгэм, эдийн засгийн хямрал үүсэж, үндэсний валют нь үнэгүйдэх үед үндэстнийг нэгтгэх үүднээс нийтийн дайсны эрэлд гарсан. Энэ санаа ч биеллээ олж, Уулын Карабах руу бүх анхаарлаа хандуулснаар хэсэг хугацаанд дотоодын асуудал анхаарлын төвөөс гарсан. Үнэхээр 2016 онд газрын тосны үнэ унаж, Азербайжаны Ерөнхийлөгч Алиевын тогтворгүй байдалтай зэрэгцэн Уулын Карабахыг тойрсон нөхцөл байдал хурцадсан. Харин өдгөө Ереван ч тэр, Баку ч тэр коронавирусний цар тахлын улмаас эдийн засгийн ноцтой хямралтай нүүр тулах эрсдэл гарч ирсэн энэ үед гадаад дайсны талаар нийгэмдээ сануулахад буруутахгүй.

ХАБГБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Станислав Зась тус байгууллагын байнгын зөвлөлийн шуурхай хуралдааныг даваа гарагт зарласан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсны гол шалтгаан нь Станислав Засийн байр суурьтай шууд холбоотой гэж Азербайжаны улс төр судлаач Фархад Маммадов үзэж байна. Өмнөх ерөнхий нарийн бичгийн дарга Николай Бордюжа Ереваныг хамгаалдаг байсан бол Станислав Зась тэс өөр байр суурьтай. Тиймээс ч Ереван бүтэн жилийн турш түүний томилолтод саад хийсэн.

Азербайжаны Ерөнхийлөгчийн Тамгын газрын гадаад бодлогын хэлтсийн дарга Хикмет Гажиевын мэдэгдсэнээр, Баку болсон хэрэг явдлыг Турк зэрэг холбоотнуудад хандах шалтаг биш гэж үзэж буй. Гэсэн хэдий ч Анкара Азербайжанд дипломат дэмжлэгээ илэрхийлээд байна. “Армены хийж буй үйлдлийг хүлээн зөвшөөрөхийн аргагүй. Бид Азербайжаныг нутаг дэвсгэрийнхээ бүтэн байдлыг хамгаалахад нь дэмжлэг үзүүлэх болно” гэж Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу мэдэгдсэн билээ. Армен Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагад хандсан нь үндэслэлгүй бөгөөд Ереваны хүссэн үр дүнд хүргэхгүй гэж Гажиев үзэж байна. Азербайжан тус байгууллагын бүх гишүүн оронтой уламжлалт найрсаг харилцаатай гэж Гажиев тодруулаад энэ байгууллага Карабахын асуудлыг эрхэлдэггүй тул Ереван олон улсын хил дээр сөргөлдөөний бас нэг голомт үүсгэхийг оролдож байна гэж онцолжээ.Армены Ерөнхий сайд Никол Пашинян, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиевын 2018 оны есдүгээр сард болсон уулзалтын дараа талууд шуурхай харилцаа холбооны шугам нээсэн. Гэвч Хикмет Гажиевын хэлснээр, энэ шугамын үйл ажиллагаа Ереваны байр сууриас болж тэр бүр үр дүнд хүрдэггүй байна.

Гэхдээ Ереван ч тэр, Баку ч тэр хил дээрх мөргөлдөөн ноцтой үр дагаварт хүргэхгүй гэдэгт итгэлтэй байна. Энэ бол орон нутгийн шинж чанартай мөргөлдөөн гэж Ереваны Кавказын хүрээлэнгийн тэргүүн Александр Искандарян ярьжээ. Хэдийгээр Азербайжаны талаас хэд хэдэн хүн амиа алдаж, артилеррийн зэвсэг, танк зэрэг техник оролцсон энэ мөргөлдөөн томоохонд тооцогдох ч гэхдээ орон нутгийн түвшинд болсон. Азербайжанд нөхцөл байдал амаргүй байна. Газрын тосны үнийн уналт, коронавирус, улс төрийн элитүүдийн хоорондох тэмцэл зэрэг асуудал гарах үед нийгмийн анхаарлыг сарниулах зорилгоор тэргүүн шугам дахь нөхцөл байдлыг хурцатгах замаар хариу үйлдэл үзүүлэхийг хичээдэг.  Мөн ийм таамгийг Азербайжаны улс төр судлаач Фархад Маммадов хийж байна. Түүний хэлснээр, үүнд коронавирус, үндсэн хуулийн болон улс төрийн хямрал гээд хэд хэдэн шалтгаан бий.

ZINDAA.MN 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.