Залуу начин О.Мөнх-Эрдэнэ 57 жилийн дараа удмаасаа төрсөн хоёр дахь начин болжээ

Залуу начин О.Мөнх-Эрдэнэ 57 жилийн дараа удмаасаа төрсөн хоёр дахь начин болжээ

Улсын баяр наадмын энэ жилийн хамгийн залуу начин О.Мөнх-Эрдэнэ 57 жилийн дараа удмаасаа төрсөн хоёр дахь начин болж байна.

Өдгөө 25 настай түүний аав н.Оюунбаатар Архангай аймгийн Хайрхан сумынх бол ээж Д.Хишигсүрэн нь Булган аймгийн Сайхан сумын уугуул.

Харин ээжийнх нь ээж буюу эмээгийнх нь том ах Д.Жадамбаа гэж Булган аймгийн Сайхан сумын уугуул, улсын начин цолтой бөх байдаг аж.

Тэрбээр 1963 оны улсын наадмын дөрвийн даваанд дархан аварга Б.Түвдэндоржийг, тавын даваанд даян аварга Ц.Чимэд-Очирыг орхиж дээрх цолыг хүртсэн түүхтэй.

Д.Жадамбаа баруун солгойгүй гүйдэг, гүйлт дундаа өмсөх тонгорох мэхийг хослуулдаг, мөн тойгдох мэхийг гаргуун сайн хийдэг байсан талаар бөхийн хорхойтнууд дурсдаг. Дархан аварга Ж.Мөнхбат агсан ч түүний тойгдох мэхийг сурч байсан гэлцдэг.

Тэгвэл Д.Жадамбаагийн гэр бүлийн хүн нь мөн л Булган аймгийн Сайхан сумын уугуул бөгөөд үндэсний бөхийн 33 шинжийг төгс агуулсан гэж олноо шагшигдсан Монгол Улсын даян аварга С.Цэрэн агсны төрсөн дүү С.Отгон аж.

Тэгэхээр нэг эцэг эхээс мэндэлсэн төрсөн ах нь бөх, нэг насны амьдралаа холбосон хань нөхөр нь мөн л бөх болж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.