Д.Нямхүү: Коронавирусний халдвартай 2 иргэн эдгэрлээ
Шинэ коронавирусний халдвартай хоёр иргэн эдгэрч ХӨСҮТ-ээс гарсан тухай тус төвийн захирал Д.Нямхүү өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Тодруулбал, 26 настай эрэгтэй 26 хоног эмчлүүлсэн бол 24 настай эмэгтэй 20 хоног эмчлүүлж дараагийн шатны сувилалд шилжжээ. ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лабораторид өчигдөр 113 хүний шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан тухай мэдээлэл өглөө. Тодруулбал, Афганистан улсаас ирсэн 31 энхийг сахиулагч болон ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 иргэний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн ачаа тээврийн 38 жолооч, Замын-Үүдэд тусгаарлагдсан 31 хүний шинжилгээ бүгд сөрөг гарсан байна. Мөн гэрийн тусгаарлалтад байсан эх өнөөдөр эсэн мэнд амаржсан тухай мэдээллээ.
Манай улсад шинэ коронавирусний халдварын 287 батлагдсан тохиолдол байна. Эдгээрээс 213 нь элгэрсэн бөгөөд өнөөдрийн байдлаар, 74 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.
Дэлхий даяар шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 14 сая 426 мянга байгаа бол амиа алдсан нь 614 мянга болжээ. Харин эдгэрсэн хүний тоо найман сая 612 мянга хүрчээ. Хамгийн их халдварын тохиолдол бүртгэгдсэн улсаар АНУ, Бразил, Энэтхэг тэргүүлж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.