Дэлхий дахинд цар тахлын улмаас өчигдөр 4000 хүн амиа алджээ

Дэлхий дахинд цар тахлын улмаас өчигдөр 4000 хүн амиа алджээ

 Дэлхийн хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 229 мянган шинэ коронавирусний халдвар бүртгэгдэж, 4000 хүн нас баржээ. Энэ талаар ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэв.

Энэ нь өмнөх өдрийнхтэй харьцуулбал, 63 мянган тохиолдол илүү бүртгэгдсэн бол амиа алдсан хүний тоо мянга гаруйгаар багассан үзүүлэлт аж. Тухайлбал, АНУ-д 63 мянга, Энэтхэгт 36 мянга, Бразилд 23 мянган халдварын шинэ тохиолдол бүртгэгджээ.

Коронавирус нь тархалзүйн болон эмнэлзүйн хувьд өвөрмөц. Улс орон бүрд өвчлөлийн өөр өөр дүр төрх, динамик ажиглагддаг. Нэг газар өвчлөл хурдан багасаж байгаа бол нөгөө газарт удаан хугацааны дараа багассан ч эргээд нэмэгдэж байна. Нөхцөл байдал өөрчлөгдөж байгааг ойлгоход төвөгтэй байгааг ДЭМБ-ын Тусламжийн хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Майк Раин өчигдрийн хэвлэлийн бага хурал дээр онцлон тэмдэглэжээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, "Одоогоор бидний урьдчилан сэргийлэх чухал арга бол амны хаалтаа зүүх, гараа сайтар савандаж угаах, хоорондын зайгаа барих юм. Мөн хавьтлыг эрт илрүүлэх, эмчлэх, оношлох, судлах зэргийг цогцоор нь авч хэрэгжүүлэхгүй бол коронавирустэй тэмцэхэд үр дүнгүй байна гэж ДЭМБ болон эрдэмтэн судлаачид судалгааныхаа үр дүнд дүгнэсэн" хэмээв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.