Японы ихэнх иргэн Токиогийн олимпыг дахин хойшлуулах хүсэлтэй байна
“Токио-2020” олимп, паралимпыг зохион байгуулах шийдвэр гаргахад “КОВИД-19”-ийн вакцин боловсруулалт, өвчнийг эмчлэх арга чухал хүчин зүйлс болно гэдгийг “Токио-2020” олимпыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Ёширо Мори мэдэгдлээ. Тэрбээр мөн нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол олимп болохгүй ч байж магадгүй. Гэхдээ эцсийн шийдвэрийг Олон улсын олимпын хорооноос гаргана гэжээ. Харин олимп ирэх жил болохгүй бол дахин хойшлуулахад хэцүүднэ. Учир нь дараагийн олимпуудыг зохион байгуулах эзэн хотууд 2028 он хүртэл тодорхой болсон гэж Мори хэлсэн байна.
“Токио-2020” олимпыг зохион байгуулагчид цорын ганц боломжит хувилбараа гэж үзвэл наадмыг үзэгчидгүйгээр явуулах асуудлыг ч хэлэлцэж магадгүй гэдгийг мөн тэрбээр дуулгасан.
ОУОХ-ноос өнгөрөгч гуравдугаар сарын сүүлчээр Токиод болох зуны олимпын наадмыг нэг жилээр хойшлуулж, 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 08-нд явуулахаар болсон.
Тэгвэл Японы иргэдийн олонх нь олимпыг явуулахыг хүсэхгүй байгаа нь судалгаагаар харагджээ. Японы мэдээллийн “Киодо” агентлагаас явуулсан санал асуулгаар оролцогчдын олонх нь буюу 36 хувь нь ирэх жил коронавирусний нөхцөл байдал өөрчлөгдөхгүй тул наадмыг дахин нэг жилээр хойшлуулбал зохино гэсэн байна.
Харин гуравны нэг нь олимпыг бүр мөсөн цуцалбал зүгээр гэсэн бол 25 орчим хувь нь энэ наадмыг зохион байгуулаасай гэж хүсч байна.
“Жэй-Эн-Эн” мэдээллийн алба, мөн “Асахи Шимбун” сониноос явуулсан санал асуулгаар ч иргэдийн олонх нь өвчний шинэ давлагаа дэгдэхээс айж, ирэх онд олимп явуулах хэрэггүй гэж үзжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.