Их Британийн парламентын хороо тайлан илтгэлээ танилцууллаа

Их Британийн парламентын хороо тайлан илтгэлээ танилцууллаа

Их Британийн парламентын  тагнуул, аюулгүй  байдлын асуудлаарх тусгай хороо ОХУ дэлхийн улс  орнуудын  сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс нөлөөлсөн эсэх  тухай тайлан илтгэлээ танилцууллаа. Энэ  тайлан нь кибер аюулгүй байдал, хуурамч мэдээлэл, Их Британи дахь Оросууд гэх мэт 9 бүлгээс бүрджээ.

Их Британийн парламентын хороо  Москва олон орны сонгуульд  хөндлөнгөөс нөлөөлснийг тогтоохын  тулд   бүтэн жилийн туршид бие даан мөрдлөг явуулсан юм.  Гэхдээ тайлан илтгэл нь өнгөрсөн оны 3 дугаар сард  бэлэн болсон ч засгийн газраас нийтэд танилцуулах хугацааг нь ийнхүү хэд хэдэн удаа хойшлуулсаар  өчигдрийг хүрсэн. Тайлан илтгэлийн зарим хэсэг нь нууцын  зэрэглэлтэй аж. Үндэсний аюулгүй  байдлаа хамгаалах зорилгоор зарим асуудлыг нь нийтэд  дэлгэх  боломжгүйг  парламентын хорооны гишүүд мэдэгдсэн. Тайлан илтгэлд Москва НАТО Европын Холбоо зэрэг барууны институтуудыг бодит байгаагаас ч эрс түрэмгий  бодлого  баримталдаг гэж үздэг. 

Харин Орост Барууныханд  гарз  хохирол учруулах  аливаа  үйл  ажиллагаа  бүхэн  ашигтайд  тооцогддог. Ийм  бодлогынх нь  үндсэн зорилго нь  хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтсан байсан улс орнууд дундаа хүчтэй байр суурь эзэлдэг,  сэргэн  мандаж  буй агуу их гүрний дүртэй болох явдал гэж тодорхойлсон  байгаа юм байна.  Мөн тайлан илтгэлд Оросын баруун  дахь тагнуулын  ажиллагааных нь болон хуурамч  мэдээллийнх нь бай нь Их Британи  хэмээн өгүүлжээ. Харин  энэ  нь Оросын  түрэмгийллийн эсрэг  Лондон хатуу байр  суурьтай байдаг,  Солсбери дэх халдлагад нь  олон улсын хамтаар  хариу  барьж  чадсантай  нь  холбоотой гэж  тодорхойлсон  байна. Үүний зэрэгцээ  тусгай хорооныхон Их Британийн засгийн газар  Европын Холбооны эгнээнээс гарах  эсэх асуудлаарх бүх нийтийн санал  асуулгыг явуулахад  Москва  хөндлөнгөөс  нөлөөлсөн  эсэхийг  мөрдөн шалгахаас зайлсхийх байсан хэмээн  буруутгасан байна.

ОХУ  Их Британийн  парламентын хорооноос гаргасан энэ тайлан илтгэлийг  хуурмаг төрхтэй  дайсагнасан  харилцааных нь баталгаа  хэмээн буруутгаж байна.  энэ тухай Оросын гадаад хэргийн яамны албан ёсны  төлөөлөгч Мария  Захарова мэдэгдсэн юм. Түүнчлэн Төрийн  Дум  тайлан  илтгэлийг  баримт нотолгоогүй  мэдэгдэл  хэмээн  тодорхойлоод Их Британийн  зүгээс  ОХУ-ыг иймэрхүү аргаар  буруутгаж  байгаа нь улс орнуудыг улам ихээр талцуулж  хуваахыг  анхааруулсан. Харин  ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков  ОХУ нэг ч  улс орны сонгуулийн үйл  явцад хөндлөнгөөс оролцож нөлөөлж байгаагүйг  дахин  сануулсан  байна.  Мөн дэлхийн бусад улс орнууд  дотоод улс төрийн хэрэгт нь хөндлөнгөөс оролцох гэж чармайдгийг   тэвчдэггүй  ч  онцолсон   байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.