Шинжээч Монголд гарсан тахлын тохиолдлыг энгийн үзэгдэл гэв

Шинжээч Монголд гарсан тахлын тохиолдлыг энгийн үзэгдэл гэв

Монголд тарваган тахлын хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн нь энгийн үзэгдэл бөгөөд халдвар өвчний дэгдэлт биш гэж ОХУ-ын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Пироговын нэрэмжит Оросын Үндэсний судалгааны анагаах ухааны их сургуулийн халдварт өвчин судлалын тэнхимийн эрхлэгч Владимир Никифоров мэдэгджээ.

Түүний хэлснээр, гурван өвчтөнтэй өөр хоорондоо холбоогүй хоёр тохиолдлыг бол халдвар өвчний дэгдэлт гэж үзэхгүй. Монголын хувьд энэ бол энгийн үзэгдэл. Тахлын тохиолдлууд бүртгэгдсэн бүс нутагт жил бүр хэд хэдэн тохиолдол гардаг бөгөөд голомт нь байсаар ирсэн, байх ч болно. Хилийн бүс нутагт халдварын эсрэг бүхий л арга хэмжээг авч, тарвага агнах хорио тогтоож, нутгийн ард иргэдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад хамруулсан гэж ОХУ-ын Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.

Тарваган тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд Алтайн хязгаар, Өвөр Байгалийн хязгаарт тарвага агнахгүй байх, өвчтэй амьтантай харьцахгүй байхыг Никифоров зөвлөжээ. Тарваган тахлыг антибиотикийн тусламжтай эмчилдэг бөгөөд өнөөдөр энэ халдварт өвчин бүрэн эмчлэгддэг болсон. Хамгийн гол нь цаг алдахгүй байх, өвчтөнийг хордлого, халдварын шоконд орохоос өмнө амжиж эмчилгээ хийх хэрэгтэй гэжээ.

Тарваган тахлын тохиолдлууд Хятадын Өвөр Монголын Өөртөө засах орны Баян-Нуур хот болон ОХУ-ын Алтай улстай хил залгаа Монгол Улсын баруун хэсэгт бүртгэгдсэн. Улаанбаатар хот дахь ОХУ-ын Элчин сайдын яамны мэдэгдсэнээр, Монголын эрх баригчид шуурхай арга хэмжээ авсан тул санаа зовох зүйлгүй гэж РИА Новости агентлаг мэдээлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.