Гадаадад байгаа иргэддээ 55 улсын Засгийн газраас дэмжлэг хүсчээ
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хилийн чанадад байгаа монгол иргэдийнхээ тулгамдаж буй асуудалд дэмжлэг болохыг дэлхийн 55 улсын Засгийн газарт хүсэж албан бичиг илгээсэн талаар Гадаад харилцааны яамны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Албан бичигт, Шинэ коронавирус цар тахлын үед хилийн чанадад сурч ажиллаж байгаа монгол иргэдийнхээ амьдрах орчин нөхцөл муудсан, түр оршин суух зөвшөөрөл, визний хугацаа дууссан, COVID-19-ийн шинжилгээнд орох шаардлагатай болсон, санхүүгийн хүндрэлд орсон зэрэг бэрхшээлд дэмжлэг болохыг хүсчээ.
Энэ дагуу гадаадад суугаа ЭСЯ, Дипломат төлөөлөгчийн газарт тухайн улс орныхоо эрх баригчидтай уулзаж, дээрх чиглэлээр ажиллахыг үүрэг болгосон талаар ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар мэдээлэв.
Мөн ГХЯ-наас Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагад хандан хоол хүнсний хомсдолд орсон, орон байргүй болсон монгол иргэдэд туслах хүсэлт тавьжээ. Уг хүсэлтийг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага хүлээн авч хамтран ажиллаж байгааг тэмдэглэв.
Тэрбээр, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван гадаадад суугаа 44 ЭСЯ, Дипломат төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын газарт Өндөржүүлсэн бэлэн байдлын үед дипломат консулаас гадна бусад чиглэлийн бүх ажилчдаа 24 цагаар бэлэн байдалд байлгахыг үүрэг болгосн хэмээн мэдээллийн үеэр тэмдэглэв. Үүний зэрэгцээ гадаадад байгаа иргэддээ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүргэх, түр оршин суух, визийн хугацаа дууссан асуудлыг тухайн орных нь холбогдох байгууллагатай хэлэлцэж шийдвэрлэхийг чиглэл болгосныг дурдлаа.
Түүнчлэн цар тахлын улмаас зарим ажлаас хоцорч торгууль, төлбөрт унасан иргэд цөөнгүй байгааг дурдаад, тухайн орных нь төр, засгийн удирдлагуудтай хэлэлцэж торгуулиас чөлөөлөх чиглэлээр ажиллахыг гадаадад суугаа консулын газруудад даалгажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.