Европт хэт хурдны төмөр замын сүлжээ байгуулах санал тавив

Европт хэт хурдны төмөр замын сүлжээ байгуулах санал тавив

Европын холбооны гишүүн улс орнуудад хэт хурдны төмөр замын сүлжээ байгуулах боломжтой гэж Europuls цахим хуудас мэдээлжээ.

Ингэснээр галт тэрэг 350 км/ц хурдтай явж, Европоор зорчих хугацааг хоёр дахин багасгах боломжтой болох аж. Тээврийн энэ хэрэгсэл нисэх онгоцны буудал хүрэх, хяналт шалгалтаар гарах хугацааг тооцвол агаарын тээврээс хурдан аялах боломж бүрдэнэ гэж Венийн Олон улсын эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд үзэж байна. Тэдний коронавирусний цар тахлын дараах Европын холбооны эдийн засгийг сэргээх талаар боловсруулсан зөвлөмжид ийн дурджээ.

Эрдэмтдийн тооцоолсноор, Европын төмөр замын ихэнх хэсэг хэт хурдны галт тэрэг явуулах шаардлагыг хангаж байгаа аж. Зөвхөн Лиссабон – Хельсинки, Дублин – Парис, Брюссель – Валлетта болон Берлин – Никосиа зэрэг дөрвөн салааг барьж дуусгах хэрэгтэй гэнэ. Ингэснээр зорчих хугацааг багасгаад зогсохгүй Европын дотоодын нислэгийн тоог буруулах замаар хүлэмжийн хийн ялгаруулалтыг таван хувиар бууруулах боломжтой гэж судлаачид тооцоолжээ. Үүний сацуу хэт хурдны төмөр замаар ачаа тээврийг гүйцэтгэх боломжтой тул авто замын ачаа тээвэр мөн буурна гэж үзэж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.