Г.Батхүү агсны ар гэрийнхнээс 15 сая төгрөг залилсан.

Г.Батхүү агсны ар гэрийнхнээс 15 сая төгрөг залилсан.

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амь насаа алдсан хэргийн шалгалтын явцын талаар мэдээлэл хийлээ.

Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэг “Төрийн ордонд амь насаа алдсан Г.Батхүүгийн хэргийг Мөрдөн байцаах албанд үргэлжлүүлэн шалгаж байна. Энэхүү хэргийн талаар талийгаачийн ар гэрийнхэн болон өмгөөлөгч Ж.Батхуяг нар 2020 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр хэвлэлийн хурал хийж, мөрдөн шалгах ажиллагааны баримт болон зарим бодит бус мэдээллийг олон нийтэд тарааж, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан үйлдэл гаргасан. Энэхүү мэдээллээр амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, полиграфын магадлагаа, гар утсанд хийсэн шинжилгээний дүгнэлт болон хохирогчийн ар гэрийнхэн рүү нэр бүхий этгээдийн бичсэн гэх хуурамч мессеж зэргийг прокурорын зөвшөөрөлгүйгээр олон нийтэд задруулсан. Цагдаагийн байгууллагаас дээрх үйлдэлтэй холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.9 буюу Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах гэсэн зүйл хэсгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.

Нөгөө талаас 13 секундын бичлэг байгаа гэх мэдээллийн мөрөөр шалгалтын ажиллагаа явуулахад Г гэгч этгээд нь энэ мэдээллийг хуурамчаар зохиож, талийгаачийн ар гэрийнхнээс хууран мэхлэх замаар 15 сая төгрөг залилсан болох нь 2019 оны тавдугаар сарын 28-ны өдөр тогтоогдсон байдаг. Түүнчлэн дээрх этгээд нь 6 удаагийн үйлдлээр бусдаас 269 сая төгрөг бусдаас залилсан хэрэг үйлдсэн бөгөөд хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын хяналтад хүргүүлээд байна” гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.