НӨАТ-ын буцаан олголтыг улирал бүр олгож байхаар боллоо

 НӨАТ-ын буцаан олголтыг улирал бүр олгож байхаар боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


МСҮТ-ийн суралцагч сард 200 мянган төгрөгийн тэтгэлэг авна

Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын 2.5 жил, нэг жилийн өдрийн анги, техникийн боловсрол эзэмшүүлэх гурван жил, 1.5 жилийн өдрийн ангид суралцагч, ажил олгогчийн захиалгаар 4-6 хүртэл сарын сургалтад хамрагдаж байгаа 45 хүртэл насны  суралцагчид сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно. Гэхдээ суралцагч нь сургуулийн дотоод журам болон ёс зүйн дүрэм зөрчөөгүй, тухайн сарын онол, дадлагын хичээлийн 75-аас дээш хувьд нь суусан байх ёстой. 2019-2020 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсролын 80 байгууллагад 37.5 мянган хүн суралцаж байгаагийн 36 мянга гаруй нь мэргэжлийн болон техникийн боловсролын өдрийн ангийнх юм байна. Засгийн газар 70 мянган төгрөг байсан тэтгэлгийн хэмжээг 2019 онд 100 мянган төгрөг болгож нэмсэн юм.

Ирэх даваа гарагаас НӨАТ-ын урамшууллыг буцааж олгоно 

НӨАТ-ын урамшууллын буцаан олголтын мөнгийг энэ сарын 10 буюу ирэх даваа гарагаас иргэдийн данс руу шилжүүлж эхэлнэ. Энэ удаа 912 мянган иргэн 148 тэрбум төгрөгийг буцаан авах юм.  Цаашид НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг улирал бүр олгох бөгөөд  2020 оны I улирлын буцаан олголтын мөнгийг дөрөвдүгээр сард иргэдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөжээ. 996 иргэний хоёр тэрбум гаруй төгрөгийн урамшууллыг "эрсдэлтэй" хэмээн үзэж нягталж байна. Тухайлбал зочид буудалд ажиллаж байхдаа буудлаар үйлчлүүлсэн иргэдийн 80 гаруй сая төгрөгийн үнийн дүнтэй 1000 гаруй баримтыг өөрийн нэр дээр бүртгүүлсэн, 600 гаруй сая төгрөгийн 175  баримтын мэдээллийг хууль бусаар олж бүртгүүлсэн, импортоор оруулж ирсэн автомашинаа борлуулахдаа төлбөрийн баримт өгдөггүй байсан бөгөөд гаалийн байгууллагад төлсөн НӨАТ-ын дүнд тааруулан жилийн эцэст баримт хэвлэж өөрөө болон харилцан хамаарал бүхий этгээдүүдээр бүртгүүлсэн зэрэг зөрчил гарчээ. Засгийн газрын хуралдаанаас мөн Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, цахим төлбөрийн баримтын систем ашиглахгүй байгаа аж ахуй эрхлэгчдийг системд хамруулах чиглэлээр татварын албанаас явуулж байгаа ажлыг дэмжиж, хамтран ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт даалгав.

Товч мэдээ

-АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болов. Чикаго хот орчимд 8000 орчим монгол иргэн амьдарч, ажиллаж, сурч байна. Ажлын байрны олдоц сайн, амьжиргааны түвшин харьцангуй бага, байрны түрээс хямд, шинээр мэндэлсэн хүүхдийг даатгалд хамруулж, 16 нас хүртэл нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг зэрэг халамжийн ээлтэй бодлоготой учир монголчууд ихээр суурьшдаг байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.