Халдвар авсан байж болзошгүй эмэгтэй Тайваниас ирээд, шууд Дархан явжээ
Коронавирусийн халдвар эрчимтэй тархаж буй БНХАУ-д зорчоод ирсэн Дархан-Уул аймгийн иргэнд халуурах шинж тэмдэг илэрсэн тул тухайн иргэнийг тусгаарлаж, тандалт, шинжилгээ хийж байгаа талаар ЭМЯ өнөөдөр /2020.02.05/ мэдээлэл өгсөн. Тусгаарлагдсан иргэний биеийн байдлын талаар Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэлээс тодрууллаа.
-Коронавирусийн халдвар авсан байж болзошгүй сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Эрүүл мэндийн байдал нь ямар байгаа вэ?
-Биеийн байдал дунд зэрэг. Ханиалгаж, цээж хөндүүрлэсэн шинж тэмдэгтэй байна. Халуураагүй. Тухайн иргэн нэгдүгээр сарын 7-30-ны өдрүүдэд Тайваньд зорчсон. Нэгдүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатарт онгоцоор ирж, тэндээсээ шууд өөрийн хувийн унаагаар Дархан руу ирсэн гэсэн. Улаанбаатараас өөрийн хувийн унаатайгаа ганцаараа ирсэн гэж хэлж байгаа.
"Коронавирусийн талаар мэдээлэл сайтай байгаа" гэж мэдүүлсэн. Мөн өөрийнхөө талаар "Тайваньд байх хугацаандаа амьтны гаралтай бүтээгдэхүүн, хоол хүнс хэрэглээгүй. Гадуур гарч хүмүүстэй уулзаагүй" гэсэн мэдээлэл өгсөн.
-Эмнэлгийн байгууллагад хэзээ хандсан бэ?
-Өчигдөр /2020.02.04/ манай эмнэлэгт хандсан. Эмнэлэгт ирсэн дариуд нь буюу 14:50 цагт тухайн иргэнийг тусгаарласан. Анх ирэхдээ эмнэлэгт хэвтэхгүй гэж байсан ч бид эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс тусгаарлах арга хэмжээ авсан. Эрсдэлтэй бүс нутагт зорчсон, дээр нь тодорхой шинж тэмдэг илэрч байгаа учраас тусгаарлах ёстой. Шинжилгээ авч, дээжийг ХӨСҮТ рүү явуулаад байна. Шинжилгээний хариу маргааш /2020.02.06/ гарна.
-Сэжигтэй тохиолдол илэрсэн иргэн хэдэн настай хүн бэ?
-30 орчим настай, эмэгтэй хүн бий.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.