ОХУ-ын шилдэг мэргэжилтнүүд Ухань хотод газардлаа

ОХУ-ын шилдэг мэргэжилтнүүд Ухань хотод газардлаа

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүний тоо 24539 болсон бол нийт 492 өвчтөн нас барж, 911 өвчтөн бүрэн эдгээд байна гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооноос мэдээлжээ.

Одоогийн байдлаар, 3129 өвчтөний биеийн байдал хүнд, нэг хоногийн дотор 3800 шинэ тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн, 23.2 мянган сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 185.5 мянган нэгдүгээр зэргийн хавьталтай хүн эмнэлгийн хяналтад байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр 27 улсад нийт 213 тохиолдол бүртгэгдээд байна.

Шинэ төрлийн “2019-nCov” коронавирусийн халдварын тархалттай тэмцэхэд нийт 61.5 тэрбум ам.доллар шаардагдана гэж ДЭМБ-ын Гүйцэтгэх хорооны хурал дээр мэдэгджээ. ДЭМБ-ын тооцоолсноор, вирусийн тархалттай тэмцэх ажлыг олон улсын түвшинд зохицуулахад 12 сая ам.доллар, улс орнуудын бэлэн байдал, шуурхай арга хэмжээг үнэлэхэд 45 сая ам.доллар, судалгаа, инновацын ажилд нийт 1.45 сая ам.доллар шаардагдах аж.


Коронавирусийн талаарх сүүлийн үеийн мэдээллүүдийг тоймлон хүргэж байна.
 

  • ДЭМБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Аданом Гебрейесус шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбогдуулан сандарч, айдаст автахгүй байхыг уриалжээ. Түүний хэлснээр, Хятад улсын нутаг дэвсгэрээс гадна вирусийн тархалт бага байна. Халдварласан тохиолдлын 90 хувь нь Хятад улсад бүртгэгдсэн. Гэсэн хэдий ч энэ нь нөхцөл байдал хүндрэхгүй гэж ойлгож болохгүй ч тэвдэж, айх хэрэггүй хэмээн мэдэгджээ. БНХАУ-ын төлөөлөгчийн мэдэгдсэнээр, шинэ төрлийн коронавирусээр халдварласан өвчтөнүүдийн ихэнх нь өндөр настай болон ужиг өвчтэй хүмүүс байжээ. Хятадын газар нутгаас гадна бүртгэгдсэн нас баралтын түвшин нэг хувь байна.
     
  • ОХУ-ын хүмүүнлэгийн тусламж бүхий анхны онгоц өнөөдөр /2020.02.05/ өглөө Ухань хотод газардлаа. Хүмүүнлэгийн тусламжийн ачаа хүргэхийн сацуу ОХУ-ын эрүүл мэндийн таван мэргэжилтэн Ухань хотод хүрэлцэн иржээ. Тэд Хятадын судлаачидтай хамтран вирусийн эсрэг вакцин гаргах тал дээр хамтран ажиллах аж.
     
  • БНСУ гурван тэрбум ам.долларын нөөц сан байгуулж, 2019-nCoV коронавирустэй тэмцэх арга хэмжээг өргөжүүлэхээр болсон тухай тус улсын Ерөнхий сайд Чон Сэ Гюн мэдэгджээ. Лхагва гарагийн байдлаар, тус улсад нийт 18 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд 129 хүн карантинд, 1.3 мянган хүний шинжилгээний хариуг хүлээж байна.
     
  • Уушгины үрэвслийг үүсгэж буй шинэ төрлийн 2019-nCoV коронавирус аюулын түвшингээр энгийн томууны вирустэй ойролцоо бөгөөд өнөөг хүртэл Япон улсад хүнд хэлбэрээр халдварласан хүн илрээгүй гэж Японы халдварт өвчин судлалын холбооны профессор Казухиро Татэда мэдэгджээ. Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн өвчилсөн хүний биеэс гаргаж авсан корорнавирусийг судалсан байна. Судалгааны явцад вирусийн халдварын болон хоруу чанарыг нэмэгдүүлсэн генийн өөрчлөлт гараагүй аж. Шинэ төрлийн коронавирус онцгой аюултай шинжтэй бус ба энгийн томууны вирустэй төстэй гэдэгт Татэда эрдэмтэн итгэлтэй байна. Тэрбээр Хятад улсад энэ вирусээр халдварласан өвчтөнүүдийн дунд нас баралт их байгааг гайхаж буйгаа илэрхийлжээ. Японд хүнд хэлбэрээр халдварласан тохиолдол гараагүй бөгөөд Хятадын хувьд эмчилгээний тогтолцооны ялгаатай холбоотой байж болзошгүй гэж тэрбээр тайлбарлажээ. Одоогийн байдлаар, тус улсад вирусээр халдварласан 23 тохиолдол батлагдаад байгаа бөгөөд мөн ийм онош Ёкохама хотын далайн боомтод өдгөө карантинд ороод буй хөлөг онгоцны 10 зорчигчоос илрээд байна.
     
  • Сингапур улс 2019-nCoV коронавирусээр халдварлаж, бүрэн эдгэсэн анхны өвчтөнг эмнэлгээс гаргажээ. Ухань хотын оршин суугч 35 настай өвчтөн бүрэн эдгэсэн бөгөөд гурван өдрийн туршид авсан шинжилгээний хариу вирусгүй гарсан гэж тус улсын эрүүл мэндийн яамны газрын дарга Кэннет Мак мэдэгджээ. Эл эрэгтэй өвчтөн вирус тээгч биш болсон гэж тэрбээр онцолжээ. Түүний хэлснээр, коронавирусээр халдварласан нийт 24 өвчтөн бүгд эрчимт эмчилгээнд ороогүй байна. Зарим өвчтөнүүдэд ДОХ-ын эсрэг Ритонавир зэрэг вирусийн эсрэг эм, бэлдмэл хэрэглэж байгаа гэнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Халдвар авсан байж болзошгүй эмэгтэй Тайваниас ирээд, шууд Дархан явжээ 2020-02-05

Хятадын газрын тосны эрэлт огцом буурч, ОПЕК яаралтай хуралдахаар боллоо 2020-02-05

Дархан-Уул аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ 2020-02-05

Коронавирус: Нас барсан 491 тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан хүн 24483 болжээ 2020-02-05

“Хаппи веритас”, “Ай Ти”, “Итгэл”лабораториуд 1.6 тэрбум төгрөг төлөхөөр болжээ 2020-02-05

ОХУ-ын шилдэг мэргэжилтнүүд Ухань хотод газардлаа 2020-02-05

Хүн амины хэргийн сэжигтэн Б.Махбалыг СУЛЛАХААР боллоо 2020-02-05

Т.Лхагвасүмбэрэл агсны хэргийг сэргээн шалгахыг шаардлаа 2020-02-05

Японд 3700 зорчигчтой усан онгоцонд коронавирус илэрч, 10 нь халдварлажээ 2020-02-05

Төрийн нэг эмнэлгийг суллаж, коронавирусийн сэжигтэй тохиолдлыг хяналтад байлгана 2020-02-05

УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС: Өнөөдөр шинээр гаргасан шийдвэрүүд 2020-02-05