Шадар сайд ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордицаг хүлээн авч уулзлаа
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улс коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар Коронавирусийг дотооддоо алдаагүй цөөн улс орнуудын нэг. ДЭМБ-аас дотооддоо цар тахлыг алдвал хэрхэн ажиллах, бэлэн байдал, хариу арга хэмжээг яаж авах, голомтод ажиллах багийг ямар зохион байгуулалт зохицуулалтаар хэрэгжүүлэх вэ гэдэгт голлон анхаарах хэрэгтэйг зөвлөлөө.
2020 оны нэгдүгээр сараас эхлэлтэй халдварын тархалт одоо хоёрдугаар давалгаанд орох эрсдэл улс орнуудад байгааг ДЭМБ-аас тогтмол сануулж байгааг Монгол улсад суугаа ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица хэллээ. 8 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар Монгол Улсад 293 тохиолдолд зөөвөрлөгдөн орж ирсэний 260 иргэнийг амжилттай эмчилж, 33 идэвхтэй тохиолдолтой байна. Сүүлийн гурван сарын хугацаанд гадаад улс орноос иргэдээ татан авчрах үйл ажиллагааг эрчимжүүлж, сарын дунджаар 3-4 мянган иргэнээ ирүүлээд байгаа юм. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа олон улсын тээврийн хэрэгслийн жолооч, операторуудын дунд халдварын эрсдэл өндөр байгааг анхааруулж байна.
Уулзалтын үеэр Монгол Улсын Шадар сайд гурван зүйл дээр санал солилцсон юм.
1. Коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлд донор улс орнуудтай хамтарч ажиллах
2. Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах буюу хоёрдугаар давалгааг хэрхэн даван туулах, анхаарах асуудал юу байгааг тодорхойлох
3. Эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, “ХӨСҮТ-2”-ыг байгуулах чиглэлд анхаарах
Асуудалд ДЭМБ-ын суурин төлөөлөгчтэй санал солилцлоо. Мөн энэ сарын 17-нд хуралдах УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэх төсвийн тодотголын хүрээнд Эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангуулах чиглэлд тодорхой төсвийг нэмж оруулахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн улирлын томуугийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллах чиглэлийг ч ДЭМБ-ын суурин төлөөлөгч Эрүүл мэндийн сайдад сануулсан юм. Монгол Улсын Шадар сайд бодлогын асуудлыг ЭМЯ-н дээр төвлөрүүлж ажиллахаар боллоо.
Мөн энэ сардаа багтаан Олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй коронавирусээс урьдчилан сэргийлэхэд хэрхэн хамтарч, санхүүгийн ямар хөшүүрэг байгаа талаар санал солилцоно. Дашрамд мэдээлэхэд ДЭМБ-аас Монгол Улсыг коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлд зөв аргачлал, тактикаар хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг өндрөөр үнэлсэн. Цаашид дотооддоо цар тахлыг алдахгүй байхын тулд салбар хоорондын уялдааг зөв зохицуулж явах хэрэгтэй гэдгийг онцолсон юм.
Эх сурвалж: Шадар сайдын хэвлэлийн алба
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.