Минск хотод өөрчлөлтийн төлөөх жагсаал боллоо
Ирэх ням гарагт Беларусь улсад Ерөнхийлөгчийн сонгууль болно. Өмнөх жилүүдийн сонгуулиас ялгаатай нь энэ жилийн сонгууль 30 орчим жилийн турш Беларусь улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Александр Лукашенкогийн улс төрийн ноёрхлыг халах, шинэ ерөнхийлөгч хүсэмжилсэн уур амьсгал доор явагдахаар байна.
Пүрэв гарагийн орой олон мянган хүн Беларусь улсын нийслэл Минск хотод жагсаал хийжээ. Жагсагчид сөрөг хүчнээс нэр дэвшиж буй Светлана Тихановскаяг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Өдгөө 37 настай энэ эмэгтэй Беларусын улс төр, нийгэм дэх өөрчлөлтийн бэлэг тэмдэг болоод байна.
1994 оноос хойш Беларусь улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Александр Лукашенког “Европын сүүлчийн дарангуйлагч” гэж барууны хэвлэлүүд цоллоод байгаа. Тэрбээр сөрөг хүчний хэд хэдэн нэр дэвшигчийг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохыг хориглосон нь иргэдийн бухимдлыг төрүүлсэн байна. Тухайлбал, Ерөнхийлөгч Александр Лукашенког хүчтэй шүүмжлэгч Виктор Бабариког өнгөрсөн сард баривчлан, түүний эсрэг хэрэг үүсгэж, сонгуульд оролцохыг нь хоригложээ.
Алдарт блогч Виктор Бабарико ийнхүү сонгуульд оролцох боломжгүй болсны дараа түүний эхнэр Светлана Тихановская Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд байгаа юм. Тэрбээр сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд зургаан сарын дараа шинээр шударга сонгууль зохион явуулж, мөн улс төрийн хоригдлуудыг суллана гэсэн амлалт өгчээ.
Эгэл жирийн гэрийн эзэгтэй энэ эмэгтэйг дэмжсэн жагсаал Беларусь улсын нийслэлд пүрэв гарагт өрнөж, 5000 хүн оролцсон мэдээлэл байна.
Светлана Тихановская "Намайг дэмжигчид улс төрчдийн төлөө саналаа өгөхгүй. Харин жинхэнэ улс төрч хүнд Ерөнхийлөчгийн суудалд суух боломж олгох, улс орны аж амьдралыг өөд татах жинхэнэ эдийн засагчдад төрд зүтгэх нөхцөлийг бүрдүүлэх, тийм шинэ, шударга сонгуулийг хагас жилийн дотор дахин явуулна гэсэн амлалтыг өгөөд буй эгэл жирийн эмэгтэйн төлөө саналаа өгөх болно. Иргэд өөрчлөлтийн төлөө саналаа өгөх болно" гэж ярьсан байна.
Александр Лукашенкогийн засаг захиргааны коронавирусний эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ муу байна гэж иргэд шүүмжилж байна. Үүнээс гадна Беларус улсын эдийн засгийн уналт, ядуурал улам бүр хүрээгээ тэлж байгаа явдал ард иргэдийн өөрчлөн шинэчлэлтийг хүсч буйн шалтгаан болоод байна.
Улс төрийн шинжээч Александр Класковский "Ард иргэд хөрөнгөө хууль бусаар хураалгахаас, ядуурлын ирмэгт тулсан амьдралаас, хөгжил, дэвшилгүй байдлаас залхаж байна. Мөн хүмүүс айдсыг гол хөдөлгөгч хүчээ болгон ашигладаг нэг л хүнийг 26 жилийн турш телевизээр харж залхаад байна" гэж ярьжээ.
Беларус улсад сөрөг хүчнийхэн тавдугаар сараас хойш гудамжинд жагсаж эхэлснээс хойш 1300 гаруй хүнийг баривчлаад байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.