Н.Цэдэнбал: Багийн эзэн Г.Дашням "Байраа өгөөд яв" гэж дарамталлаа
Монголын Улсын Хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийн ахлагч, "Улаанбаатар сити" клубын ахлагч Н.Цэдэнбал дөнгөж сая өөрийн фэйсбүүк хуудсаар мэдэгдэл хийлээ. Тэрбээр "Улаанбаатар сити" клубын эзэн Г.Дашням "Байраа өгөөд яв" гэж дарамталсан талаар олон нийтэд дэлгэв. "Улаанбаатар сити" клубыг “Магнай трейд” ХХК-ийн Дэд захирал Г.Дашням удирддаг юм.
Н.Цэдэнбал дараах мэдэгдлийг хийв.
Миний бие дараах мэдээллийг хөлбөмбөг сонирхогчид, тоглогчид, хөлбөмбөгийн клубууд болон Хөлбөмбөгийн холбоонд хүргэж байна. Миний бие 2017 оны аравдугаар сараас "Улаанбаатар сити" клуб, эзэн Г.Дашнямтай 5 жилийн хугацаатай гэрээ байгуулж, цалиндаа нэг өрөө байр болон бусад урамшуулал авахаар гэрээ байгуулсан. Гэвч надад өгсөн байрны өмчлөгч нь гуравдагч этгээдийн байр болж таарлаа. Миний бие гэрээний ямар ч зүйл, заалт зөрчөөгүй байхад үндэслэлгүйгээр ажлаас хална, гэрээг чинь цуцална, байраа өгөөд яв, гэх мэтээр дарамталж байна.
Миний бие цалин, хөлстэй холбоотой үүсээд буй асуудлыг шийдвэрлэх хүртэл "Улаанбаатар сити" клубын төлөө тоглохгүй, бэлтгэлд оролцохгүй гэдгээ өмнө нь мэдэгдсэн боловч уг асуудлыг шийдвэрлэх талаар огт арга хэмжээ авахгүй, орон сууцыг чөлөөлөхийг шаардсан хэвээр байна.
Клубын эзэн Г.Дашнямын уг үйлдэл, хэлж буй үг хэллэгээс нь харвал анхнаасаа намайг ямар ч хөлс, цалингүй тоглуулж, санасандаа хүрч "Лигийн аварга" авахуулсны дараа ийнхүү жудаггүй зан гаргаж, дарамталж байгаа нь гэрээ цаашид намайг тоглуулах бодолгүй байгааг харуулж байна. Энэ үүсээд байгаа нөхцөл байдлыг цаашид зохих байгууллагад нь хандаж шийдвэрлүүлэх болно.
Иймээс Би Монгол Улсын Үндэсний шигшээ багийн ахлагчийн хувьд, Монголын хөлбөмбөгийн хөгжилд саад болж буй энэ мэт шударга бус үйлдэлтэй хэзээ ч эвлэрэхгүй гэдгээ үүгээр илэрхийлж, цаашид “Улаанбаатар сити” клуб болон бусад клубүүдтэй тоглогчийн гэрээ байгуулах гэж буй тоглогч, дүү нартаа дараах зүйлсийг анхааруулах хэрэгтэй байна.
Үүнд,
1. Худал амлалтад итгэж, хайран цаг хугацаа, хүч хөдөлмөрөө алдахгүй байхад анхаар!
2. Гэрээнд өөрсдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалсан заалт байгаа эсэхийг сайтар судла!
3. Клубээс санал болгосон гэрээнүүд нь хэт клубын эрх ашигт нийцсэн, хуурамч амлалт бүхий нөхцөл тусгагдсан байх магадлалтай тул мэргэжлийн хуульчдаас тусламж авч, хуульчтай хамт гэрээгээ байгуулах!
Мөн Монголын Хөлбөмбөгийн холбооноос ийм зохисгүй үйлдэл гаргаж буй клубуудэд арга хэмжээ тооцож, тоглогчдын эрх ашгийг хамгаалах талаар бодитой арга хэмжээ авах хэрэгтэй байна. Сүүлийн үед клубуудын гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой маргаан их гарах болсонд анхаарал хандуулах цаг нь болсон.
Монгол Улсын шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.