Иргэний хөдөлгөөнүүд Тосон бумбад нөхөн сэргээлт ШААРДАЖ, тэмцэлд нэгдлээ
Тост, тосон бумбын нурууг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтанд авснаас хойш яг нэг жил өнгөрлөө.
2019.08.14-нд сэтгүүлчид, нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын тэмцэл тодорхой үр дүнд хүрч, хууль бус 11 лиценз цуцлагдаж, Засгийн газраас тусгай хамгаалалттай газрын хилийн бүсийг шинэчлэн тогтоох шийдвэр гаргасан.
Гэвч Тостын нуруу тэнийсэнгүй. Нөхөн сэргээлт хийгдсэнгүй. Мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болсон олигархууд савраа татсангүй. Хариуцлагагүй уул уурхайн компаниудад хариуцлага тооцсонгүй.
Ард түмний итгэж хүлээсэн үр дүн бодит амьдрал дээр ингэж л үлдлээ. Харин лицензээ цуцлуулсан компаниуд бүгд захиргааны хэргийн шүүхэд хандсан байна.
Тэд тэмцэлд нэгдсэн бүхнийг хүнтэй нь, хэвлэлтэй нь, малтай нь, өвөлжөөтэй нь худалдаж авах, үгэнд орохгүй хэсгийг нь гүтгэн харлуулах ажлаа үргэлжлүүлсээр байна. Т.Лхагвасүмбэрэл агсны хэргийг сэргээн шалгахаас татгалзав. Товчхондоо, юу ч өөрчлөгдөөгүй, бага зэргийн амсхийлт байжээ гэж л ажиглагдаж байна. Тост, тосон бумбын нурууг дахин ухах, төрийн шударга шийдвэр хүчингүй болох эрсдэл бодитойгоор оршсоор байна. Үүний төлөө дуугардаг шударга иргэд цөөрөв. Олон хэвлэл худалдагдав. Өмнөговь аймгийн удирдлагууд амаа хамхив. Иргэдийн итгэл хүлээж сонгогдсон төрийн түшээд нь улстөрийн акц төдийхөн бичиг цаас шидэлцэж, эх нутгаа гаргуунд нь хаяв. Харин худал гүтгэлэг, хуурамч дүрээр эх орноо, эх нутгаа худалдсан адгийн шаарнууд олноор төрөв. Сөрөг хүчний жинхэнэ үүргээ умартсан зарим хурган улстөрчид асар их мөнгө, эрх мэдлийн төлөөх захиалгаар Тост тосон бумбын жишиг тэмцлийн үр дүнг мушгин гуйвуулж, эх нутгаа хамгаалж үлдэх иргэдийн итгэлийг булингартуулав. Тэмцлийг мөнгөний төлөөх улстөр байсан гэж улаан цайм гүжирдэв. Тавилттай жүжиг байсан гэж доромжлон гүтгэв.
Эх нутгаа аварч үлдэх боломжоор тэд улстөр хийж, ичгүүр сонжуургүйгээр нутгийн ахан дүүсээ хууран мэхэлж, урваж холдов. Үнэн хаана байна хүмүүс ээ! Шударга ёс хаана гээгдчихэв! Эх нутгаа хамгаалах эв нэгдэл хаана байна, говьчууд аа! Ард иргэд маань 10 жилийн гүтгэлэг, доромжлол, дайралтын золиос болсон, алтан амь үрэгдсэн тэмцлийн үр дүн хаана байна, эрх мэдэлтнүүд ээ! Бид хамгийн үнэтэй зүйлээрээ, эх орон, эх нутгаараа улстөр хийгээд, зүгээр л хоорондоо хэмлэлдсээр суух уу!
Тост, тосон бумбын төлөөх тэмцэл бол ганцхан уулыг аварч хамгаалах төдий явцуу хүрээний, эсвэл орон нутгийн шинжтэй асуудал биш юм. Хууль бус нэг компанийн тухай “жижиг” сэдэв ч биш. Энэ бол байгаль хамгаалах, уул уурхайг хариуцлагатай болгох, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, хуульт ёсыг сахин биелүүлэх өргөн агуулгатай, улс үндэстнээ соён гэгээрүүлэх үзэл санаатай, шударга ёсны төлөөх бүх нийтийн хөдөлгөөний үр дүн юм.
Тийм ч учраас энэ асуудалд монгол хүн бүр дахин анхаарлаа хандуулж, оролцоогоо бий болгож, асуудлын ард чин шударгаар хамтдаа гарахыг хариуцлагатай уул уурхай, Тосон бумбын төлөөх жишиг тэмцлийг эхлүүлсэн "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ-ын болон бусад иргэний хөдөлгөөнүүд нэг жилийн босгон дээрээс олон нийтэд хандан уриалж, цаашид үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээ мэдэгдлээ.
ЭХ СУРВАЛЖ: https://zindaa.mn/3ca5
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.