УИХ-ын дарга Дэлхийн шатрын олимпиадад оролцох баг тамирчдад амжилт хүлсээ

УИХ-ын дарга Дэлхийн шатрын олимпиадад оролцох баг тамирчдад амжилт хүлсээ

УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн шатрын онлайн олимпиадад эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Тэрээр, "COVID-19"-ийн цар тахлын үед спортын тоглолтууд болон олимп, наадмууд хойшилж байгаа ч шатрыг онлайнаар тоглож болох давуу талтай байдагийг онцлоод Монголын баг тамирчдад дэлхийн оюуны олимпид эх орноо төлөөлөн амжилттай оролцохыг хүсэв. 

Дэлхийн шатрын олимпиад нь 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг байна. Энэ жил дэлхий нийтийг цочроосон цар тахлаас 44 дэх удаагийн Дэлхийн шатрын олимпиадыг 2021 онд зохион байгуулахаар хойшлоод байсан юм. Гэвч цахим орчинд тоглож болдог шатрын спортын давуу талыг Дэлхийн Шатрын холбоо харгалзан үзэж олимпийн хөдөлгөөнийг таслалгүй үргэлжлүүлэхийн тул анхдугаар гэх тодотгол дор Дэлхийн Шатрын онлайн олимпиадыг энэ оны 7 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын 30 хүртэл www.chess.com цахим сайт дээр зохион байгуулж байна.

Энд 163 орны баг, тамирчид 5-н хэсэгт хуваагдан оролцож байгаа бөгөөд манай орны хувьд тэргүүн хэсэгт тоглоно. Учир нь 2018 оны Дэлхийн Шатрын  олимпиадын эрэгтэй, эмэгтэй нэгдсэн дүнгээр Ази тивдээ эхний шилдэг 5-н байрт шалгарсан амжилтаар манай улсын баг тамирчид Дэлхийн Шатрын онлайн анхдугаар Олимпиадад тэргүүн хэсэгт тоглох эрх авчээ. 

Тамирчдад амжилт хүссэн өнөөдрийн уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Санжмятав, УИХ-ын даргын ахлах зөвлөх Л.Лүндээжанцан нар байлцав

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.