Монгол Улсын өр 33.2 их наяд төгрөгт хүрчээ
УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг маргааш /2020.08.17/ нээнэ. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн баасан /2020.08.14/ гарагт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан билээ.
Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд дурдсанаар Монгол Улс нийт 67.2 их наяд төгрөгийн хөрөнгө, 33.2 их наяд төгрөгийн өр төлбөртэй байна. Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 10.9 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 1,023.5 тэрбум төгрөгөөр давж, нэгдсэн төсвийн зарлага 11.7 их наяд төгрөгрт хүрчээ. Энэ нь төлөвлөснөөс 444.8 тэрбум төгрөгөөр дутуу гарсан байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 756.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьтай тэнцсэн байна.
Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн найман их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 623.9 тэрбум төгрөгөөр буюу 8.5 хувиар давж, улсын төсвийн зарлага 9.3 их наяд төгрөгт хүрчээ. Ингэснээр төлөвлөснөөс 111.5 тэрбум төгрөг буюу 1.2 хувиар бага байгаа аж.
Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэлийг 1,317.5 тэрбум төгрөгийн алдагдалтай тайлагнаж байгааг төслийн танилцуулгад дурджээ. Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 67.2 их наяд төгрөгийн хөрөнгө, 33.2 их наяд төгрөгийн өр төлбөр, үүнээс мөнгөн хөрөнгө 6.1 их наяд, авлага 5.6 их наяд, урт хугацаат хөрөнгө оруулалт 8.5 их наяд, үндсэн хөрөнгө 37.6 их наяд төгрөг гэж Сангийн сайд төслийн танилцуулгадаа дурдлаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.