Х.Нямбаатар: Үндсэн хуулийн 6.2 заалтыг З.Энхболд оруулж ирсэн
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2020.08.18/ мэдээлэл хийсэн. Мэдээллийнхээ төгсгөлд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
-Олон нийт Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг эсэргүүцэж, шүүмжлэлтэй хандаж байна. Энэ асуудал дээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар хүртэл мэдээлэл хийж, Ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлсэн. Үүнд та тайлбар өгнө үү?
-Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил сүүлийн 20-иод жил яригдаж, хөндөгдсөн. Өнгөрсөн жил парламент нэлээн урт хугацаанд олон нийтийн хэлэлцүүлэг дунд баталсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад үндэсний зөвшилцөл явагдсан. УИХ-д суудалтай, суудалгүй нам болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар гээд бүх талыг оролцуулсан. Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд Ерөнхийлөгчийн талаас зөвшилцөх Ажлын хэсэгт орж ирж, тэр яриад байгаа 6.2 дахь заалтыг оруулж ирсэн. Үүнийг УИХ баталсан. Тухайн үед ямар агуулгаар хэлэлцэж, баталсан талаар хүмүүс огт дуугархгүй байгаа юм. Тухайлбал, энэ яамны ширээ, барилга нь төрийн өөрийнх нь өмч юм. Баялаг зүйл бол төрийн нийтийн болон ард түмний өмч гэдэг агуулгаар оруулж ирсэн. Энэ агуулгаар лицензийг нэг агентлаг олгодог хэлбэрийг болиулж байгаа юм. Тэр лицензийг УИХ болон Засгийн газрын түвшинд олгодог л болж байгаа юм. Товч агуулга нь ердөө л энэ. Одоо Үндсэн хуулийг дагаж гарах хуулиуд орж ирнэ. Үүнээс өөр зүйл хэлж чадахгүй.
-Өдрийн зээлийг хязгаарлана гэлээ. Үнэхээр тийм шаардлага үүссэн үү. Ямар үндэслэлээр өдрийн зээлийг хязгаарлах гэж байгаа юм бэ?
-Дэлхий нийтээрээ санхүүгийн үйл ажиллагаа явуулж байгаа бүх газар бүртгэлтэй байдаг юм билээ. Бид дэлхий нийтийн жишгээс дандаа эсрэг юм ярьдаг. Ийм агуулгаар амьдрах боломжгүй. Тэнд мөнгө угаасан үгүйг та, бид хоёр нотолж чадахгүй. Нотолж чадахгүй учраас бүртгэлжүүлэх л ёстой. Өдрийн зээл бол иргэдийг маш их дарамтад оруулдаг. Эргээд эд хөрөнгөгүй болгодог тал руу л явж байгаа юм. Ломбардыг нэг мөр хаах тухай яриагүй, зөвхөн бүртгэлтэй болгох асуудлыг л ярьж байна.
-Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар хаагдсан авлига, албан тушаалын хэргүүдийг сэргээж шалгахаар болсон. Энэ ажил ямар шатандаа яваа юм бэ?
-Холбогдох байгууллага руу нь бичиг явуулсан. Хэд, хэдэн хэргийг сэргээсэн гэж тайлбарлаж байна. АТГ, УЕПГ, ТЕГ зэрэг байгууллага хэргүүдээ нэгтгэх байх. Би яг энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэц дээр очсон. Удахгүй хурал нь зарлагдана. Яг энэ үед тоо баримт нь тодорхой болох байх гэж бодож байна.
-Шүүхээс ял авсан хэд, хэдэн хүн УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байхдаа цагдан хоригдсон. Энэ нь хэд, хэдэн хуулийг зөрчсөн гэж ярьдаг. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Би өмнө нь байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Ж.Эрдэнэбат гэдэг хүнийг нэр дэвшин өрсөлдөж байхад нь цагдан хорьсон нь Монгол Улсын хоёр ч хуулийг ноцтой зөрчсөн. Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчмыг зөрчлөө гэдгийг хэлсэн. Би тэр хүний гэм буруугийн асуудлыг огт яриагүй шүү. Үүнийг нь шүүх шийднэ. Нэгдүгээрт, тэр хүний гишүүний бүрэн эрх нь дараагийн хүн тангарагаа өргөтөл хадгалагдаж байсан. Энэ тохиолдолд таслан сэргийлэх арга хэмжээ авахаар бол УИХ-аас бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн байх шаардлагатай. Хоёрдугаарт, тэр хүний нэр Сонгуулийн ерөнхий хороонд бүртгэгдсэнээр хаалт үүсэж байгаа юм. Үүнийг давхар зөрчсөн. Тэр шийдвэрийг гаргасан шүүгч тайлбараа өгөх ёстой. УИХ-ын гишүүний дархлаа бол төрийн дархлаа шүү гэдгийг гишүүд ярьж байгаа гэдгийг хэлье.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.