“Шилэн барилга”-ын ДУУДЛАГА ХУДАЛДААНД нэг ч оролцогч ирсэнгүй

“Шилэн барилга”-ын ДУУДЛАГА ХУДАЛДААНД нэг ч оролцогч ирсэнгүй

Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас Нийслэлийн Засаг захиргааны IV байр буюу бидний хэлж заншсанаар “Шилэн барилга”-ыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахаар болсон.

Өчигдөр /2020.02.10/ “Шилэн барилга”-ын нээлттэй дуудлага худалдаа зарлагдсан ч худалдан авах нэг ч оролцогч ирээгүй гэдгийг албаны эх сурвалж хэллээ. “Шилэн барилга”-ын дуудлага худалдааны анхны үнэ нь 24 тэрбум 100 сая төгрөг юм.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямбаас тодрууллаа.

-Нийслэлийн Засаг захиргааны IV байрыг худалдах дуудлага худалдаа өчигдөр товлогдсон?

-Дуудлага худалдаанд нэг ч оролцогч орж ирээгүй. Тиймээс дуудлага худалдааг цуцласан.

-Тэгэхээр дуудлага худалдааг дахин зарлах уу. Худалдан авагч олдоогүй учраас анхны үнэ болох 24.1 тэрбум төгрөгийн үнэлгээг бууруулах уу?

-Нийслэлийн өмч хувьчлалын комисст энэ асуудлыг танилцуулна. Нийслэлийн өмч хувьчлалын комисс хуралдаж, нээлттэй дуудлага худалдааг хэзээ зохион байгуулах товыг тогтох ёстой. Анхны үнэ бууруулах эсэхийг мэдэхгүй байна. Нийслэлийн өмч хувьчлалын комисс 15 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Комиссын бүрэлдэхүүн хуралдаж, хэрхэхийг шийднэ.

Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас дээрх албан ёсны мэдээллийг өглөө. 

Чингэлтэй дүүргийн IV хороо, “Зоос гоёл” ХХК-ийн урд байрлах “Шилэн барилга” нь 1997 онд ашиглалтад орсон байна. Тус барилга нь 14 давхар ба нийт 10461.5 метр квадрат талбайтай ажээ. “Шилэн барилга”-д Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, “Улаанбаатар Смарт Карт” ХХК, Улаанбаатар банк зэрэг төр болон хувийн хэвшлийн олон байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.