Эстони улс шинээр мэндэлсэн иргэндээ дахин давтагдашгүй код өгдөг

Эстони улс шинээр мэндэлсэн иргэндээ дахин давтагдашгүй код өгдөг

Дижитал шилжилтийг тэртээ 20 жилийн өмнө амжилттай нэвтрүүлсэн, хамгийн дэвшилтэт дижитал нийгэм бүтээгч гэдгээрээ алдартай Эстони улсын туршлагаас өнөөдөр дэлхий нийт суралцаж байна. Тус улсын иргэд жил бүр төрийн 100-120 үйлчилгээг цахимаар авдаг бөгөөд цахим үйлчилгээ нь тэдний амьдралынх нь 10 өдөртэй тэнцэх хэмжээний цаг хугацааг хэмнэдэг ажээ. Жишээлбэл, жолооны үнэмлэхийн хугацааг сунгах, техникийн үзлэгт орох, эрүүл мэндийн лавлагааны хүчинтэй хугацааг сунгах зэрэг асуудлаар төрийн байгууллагад хандсан иргэн өмнө нь дунджаар 2 цаг дараалалд зогсож, ээлжээ хүлээхээс гадна төрийн үйлчилгээг авахдаа 1.5 цаг нийт 3.5 цагийг өдөрт зарцуулдаг байв. Тэгвэл одоо дээрх үйлчилгээг гэртээ буйдан дээрээ хэвтэнгээ 5 минутын дотор л авах боломжтой болов. Энэ мэтчилэн эстоничууд төрийн 2595 үйлчилгээг цахимаар авдаг ажээ. Харин үл хөдлөх хөрөнгө бүртгүүлэх, гэрлэлт бүртгэх, цуцлах үйлчилгээг цахимаар авах боломжгүй юм байна.

Үүний зэрэгцээ Эстони улс шинээр мэндэлсэн иргэндээ хамгийн түрүүнд нэр хайрлахаас илүүтэй дахин давтагдашгүй код өгдөг юм байна. Энэхүү код нь Эстонийн төрийн цахим үйлчилгээнд нэвтрэх түлхүүр үг бөгөөд төрийн байгууллагад буй тухайн иргэний мэдээллийг хуулбарлахаас урьдчилан сэргийлдэг ажээ.

Эстони улсын хувьд иргэнийхээ хувийн мэдээллийг хамгаалах асуудал нь тэргүүлэх чиглэлийнх нь нэг. Иймээс иргэн бүр өөрийн гэсэн хувийн сантай бөгөөд хэн, хэзээ, ямар шалтгаанаар таны мэдээллийг харахыг хүссэн хүсэлтийг ч харах боломжтой. Хэрвээ таны мэдээллийг харахыг хүссэн хүний хүсэлт нь үндэслэлгүй байвал та тухайн хүсэлтийг шалгуулах боломжтой юм байна. Иргэний хувийн мэдээллийг шалгах байгууллага нь төрөөс хараат бус ажилладаг бөгөөд онцгой бүрэн эрхтэй. Энэхүү байгууллагын ажилтнууд нь төрийн бүх байгууллага, хувь хүний мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах бөгөөд түүнд холбогдох дүрмийг мөрдөж байгаа эсэхийг шалгах эрхтэй ажээ.

Түүнчлэн Эстонид нэг дүрэм байдаг: Засгийн газрын агентлаг нь өөр бүртгэлд хадгалагдаж буй өгөгдөлд дахин бүртгэл үүсгэх эрхгүй. Мөн төрийн байгууллага нь бүртгэлд хадгалагдсан иргэний хувийн мэдээллийг харах эрхгүй юм байна.

ЦАХИМ ЗАСГИЙН ГАЗАР

Өнөөдрийн байдлаар Эстони улсын төрийн үйлчилгээний 99 хувь нь цахим платформд шилжсэн. Тус улс нь ЗХУ-аас тусгаар тогтносныхоо дараахан буюу 1996 онд Tiger Leap  төслийг хэрэгжүүлж, мэдээллийн технологийн дэд бүтцэд хөрөнгө оруулалт татаж эхэлсэн түүхтэй

Удалгүй, 2000 оноос X-Road мэдээллийн технологийн системийг нэвтрүүлж эхэлсэн бөгөөд иргэдийн цаг, мөнгийг хэмнэх, авлигын “коридор”-ыг устгах боломжтой гэж үздэг юм байна.

X-Road системийн ачаар 2018 онд эстоничуудийн ажиллах жилийг 1407-р эсвэл ажлын цагийг 12.3 саяар хэмнэсэн тооцоо гарчээ.

X-Road системийг нэвтрүүлэх хүртэл Засгийн газрын долоо хоног тутмын хурал нь 4-5 цаг үргэлжилдэг байв. Харин 2018 оноос хойш Засгийн газрын хуралдаан нь 30 минут л үргэлжилдэг болжээ. Үүнд хэд, хэдэн мэдээлийн технологийн шийдэл тус болов. Тухайлбал, e-cabinet, e-Consultation, X-Road, цахим мэдээллийг солилцох төв, тоон гарын үсэг зэрэг цахим платформ нөлөөлжээ.

  • E-cabinet цахим платформ нь Засгийн газрын хуралдаанд ашиглагддаг хаалттай систем.
  • E-Consultation цахим платформ нь олон нийтэд нээлттэй систем. Энэхүү системд Засгийн газрын баримт бичиг, төсөл, хөтөлбөр зэрэг байршсан байдаг ажээ.
  • X-Road – IT системүүд дунд мэдээллийг солилцох нөхцөлийг хангах
  • Цахим баримт бичгийг солилцох төв – Засгийн газар дахь цахим баримт бичгийн урсгалыг зохицуулах
  • Тоон гарын үсэг – төрийн албан хаагч, Засгийн газрын гишүүний тоон гарын үсгийн дэд бүтцийн ажлыг хангах

Эдгээр нь Засгийн газрын шийдвэр гаргалтыг 90 хувьд хүргэхэд тустай ажээ. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудалд саналаа өгөх, цахим платформд нэвтрэх бүхий л хэрэгсэл нь сайд бүрт байдаг ажээ.

Цахим Засгийн газрыг Эстонид бий болгоход 130 мянган ам.доллар зарцуулсан гэдэг. Энэхүү мөнгөн дүн нь Засгийн газрын бичиг хэргийн жилийн хэрэгцээтэй тэнцүү дүн юм байна. Жишээлбэл, Эстонийн Гадаад хэргийн яаманд 280 төрийн албан хаагч ажилладаг бөгөөд 80 принтертэй. Тэдгээр принтерийг ажиллуулахад тусгай хүн ажиллуулдаг байв. Харин цахим Засгийн газрыг бий болгосноор тус яам 1 принтертэй болж, принтер хариуцаж байсан тусгай хүнийг ажлаас нь чөлөөлжээ.

Эстонийн Засгийн газар өнөөдөр нэг л тохиолдолд цаас хэрэглэж буй. Тэр нь Эстонийн иргэдийн хүсэлтэд цаасаар хариу өгөхөд л ашигладаг аж. Цахим Засгийн газрыг бий болгох, хөгжүүлэх таван жилийн хугацаанд төсвөөс 170 мянган ам.доллар зарцуулав.

Цахим Засгийн газар нь их хэмжээний мөнгө, цаг хэмнээд зогсохгүй  авлигаас урьдчилан сэргийлэх арга гэж үздэг.

УКРАИН УЛС 2024 ОН ГЭХЭД ТӨРИЙН БҮХ ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМЖУУЛНА

Харин Украин улс Эстонийн энэхүү туршлагыг нэвтрүүлэхээр зорьж байгаа бөгөөд 2024 он гэхэд төрийн бүх үйлчилгээг 100 хувь цахимжуулахаар ажиллаж байна. Тус улс нь энэ 2020 ондоо багтаан иргэдийн хамгийн их ашигладаг төрийн үйлчилгээний 80 хувийг цахимжуулах юм байна.

Өнөөдрийн байдлаар Украины нийт хүн амын гуравны хоёр нь ухаалаг гар утас ашиглаж байна. Тус улсын нийт нутаг дэвсгэрийн 71 орчим хувь нь интернэт сүлжээнд холбогдсон. Үүний зэрэгцээ Украин улс нь Google pay, Apple pay төлбөрийн системийг хамгийн их ашигладаг топ-10 улсын тоонд багтдаг.

Хэрвээ Украин улс Эстонийн энэ системийг бүрэн нэвтрүүлбэл ажиллах жилийг 39396-р эсвэл ажлын цагийг 345 саяар хэмнэх бололцоотой гэсэн тооцоо байдаг. Энэ нь 562 хүний амьдралын хугацаатай тэнцэх хэмжээний цаг хугацаа ажээ.

МОНГОЛ УЛС ТӨРИЙН БҮХ ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМ НЭГ ПЛАТФОРМ БОЛОХ
E-MONGOLIA РУУ ШИЛЖҮҮЛНЭ

Монгол Улсын Засгийн газрын хувьд 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө төрийн бүх үйлчилгээг цахимжуулах асуудлыг тусгасан. Энэ хүрээнд цахим шилжилтийн эхний алхам болгож, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар E-Mongolia гэсэн нэгдсэн платформыг олон нийтэд танилцуулж буй.

E-Mongolia нь төрийн бүх үйлчилгээг цахимаар нэг дороос хүргэх зорилготой хэрэгжүүлж буй төсөл юм. Өөрөөр хэлбэл, иргэд гэртээ буйдан дээрээсээ л гар утас болон суурин компьютероосоо хамгийн түгээмэл ашиглагддаг төрийн 181 үйлчилгээг авах боломж бүрдэх юм. Тус цахим платформ нь ирэх аравдугаар сарын 01-нд нээлтээ хийнэ.

Төрийн үйлчилгээг цахимжуулсанаар хүнд суртал, авлига буурна гэж үздэг бөгөөд иргэдийн цаг, мөнгийг хэмнэнэ гэж үздэг ажээ. Манай улс дээрх цахим шилжилтийг хийсэнээр улсын төсвийн 9.9 тэрбум төгрөг, төрийн үйлчилгээ авахын тулд иргэдийн халааснаас гарч буй 3.7 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой гэсэн тооцоо гарчээ.

Эх сурвалж: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.