Ерөнхийлөгч Трамп онц байдлын хугацааг дахин нэг жилээр сунгалаа

Ерөнхийлөгч Трамп онц байдлын хугацааг дахин нэг жилээр сунгалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2001 оны 9 дүгээр сарын 11-ний  халдлагын дараагаар улс орон даяар тогтоосон онц байдлын хугацааг дахин нэг жилээр сунгаад байна. Энэ тухай Цагаан ордны  хэвлэлийн албанаас мэдээлэхдээ Америкийн  Ерөнхийлөгчийн сонгуульд  гаднаас  нөлөөлөх  аюул  эрсдэл байгаатай холбоотойгоор  энэ  жил  онц байдлын хугацааг дахин сунгаж  байгааг  онцолсон.

Гэхдээ гаднын  улс орны  зүгээс  Америкийн сонгуулийн  дүнг  өөрчилж,  санал тооллогод нөлөөлсөн гэх  баримт нотолгоо байхгүй  ч чөлөөт,  нээлттэй  улс  төрийн  системийг нь ашиглахыг чармайж ирсэн  түүх  бийг Конгресст өргөн барьсан онц байдлын хугацааг сунгах мэдэгдэлдээ  Ерөнхийлөгч Трамп тэмдэглэсэн  байна. Үүний зэрэгцээ 2001 оны 9 дүгээр сарын 14-нд онц байдал тогтооход  хүргэсэн терроризмын  аюул  заналхийлсэн  хэвээр  байна  гэж  үзсэн учир ийм  шийдвэр  гаргаснаа тайлбарласан аж.

Одоогоос яг  19  жилийн  өмнөх энэ өдөр  АНУ-д хүн  төрөлхтний түүхэнд  томоохонд  тооцогддог террорист халдлагууд  гарсан билээ.  АНУ төдийгүй олон улсад өнөөдөр   энэ халдлагын уршгаар  амь насаа алдсан  хүмүүсийн  дурсгалыг хүндэтгэж  байна. 2001  оны  9 дүгээр сарын 11-ний өдөр АНУ-ын лалын хэт даврагч террористуудын барьцаалсан зорчигч тээврийн онгоцны  хоёр нь  Нью-Иорк  дахь  Дэлхийн  худалдааны төвийн 2 ихэр цамхгийг дайран унагасан  билээ. Террористуудын  барьцаалсан  3 дахь  онгоц  Пентагоны  ордонг  мөргөн унасан бол  4 дэх нь Пенсильванд  унаж сүйрсэн юм. Энэ халдлагуудын урүгаар  3 мянга гаруй хүн амь насаа алдаж  6000 хүн   гэмтэж  шархадсан бол  өнөөг хүртэл  24  хүн ор сураггүй болсонд тооцогдсон хэвээр  байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.