Өвөр Монголчуудад шахалт үзүүлж буйг зэмлэн буруушаажээ

Өвөр Монголчуудад шахалт үзүүлж буйг зэмлэн буруушаажээ

Өвөр Монголын өөртөө засах орны /ӨМӨЗО/ сургуулиудад хэлний шинэ бодлогыг хэрэгжүүлж, уг бодлогыг эсэргүүцсэн жагсагчдад шахалт үзүүлж байгаатай холбогдуулан АНУ-ын Конгрессын Хятадын асуудал хариуцсан гүйцэтгэх комиссын дарга, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Жеймс П.Макговерн, сенатч Марко Рубио нар дараах мэдэгдлийг гаргажээ.

“Бид монгол хэлний боловсролоо хадгалан үлдэхийн төлөө тайвнаар жагссаныхаа улмаас саатуулагдсан бүх хүнийг нэн даруй суллаж, хэл сурах эрхийнхээ төлөө үг хэлсэн монголчуудад шахалт үзүүлж, тандан ажиглахаа зогсоохыг Хятадын эрх баригчдад уриалж байна. Хятадын Засгийн газар сүүлийн жилүүдэд Төвөдийн өөртөө засах орон, Шинжаан Уйгурын өөртөө засах орны сургуулиудад хэлний хязгаарлалт тогтоох зэргээр үндэстний цөөнхийг зохион байгуулалттайгаар уусгах үйл ажиллагаа явуулж буйг бид зэмлэн буруушааж байна.”

“Мөн бид Өвөр Монгол дахь жагсаалын талаар сурвалжилж байсан, “Los Angeles Times” сонины Бээжин дэх салбарын дарга Алис Суг саатуулж, бие махбодод нь хохирол учруулсныг зэмлэн буруушааж байна. Түүнийг цагдаа нар дөрвөн цаг гаруй хугацаагаар саатуулсан бөгөөд ингэх хугацаандаа нэгэн цагдаа хоёр гараараа хоолойг нь боож, саатуулах өрөө рүү түлхэн оруулсан гэж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн юм.”

Өвөр Монгол дахь нөхцөл байдлын тухайд

Өвөр Монгол дахь монголчуудын эх хэлээрээ боловсрол эзэмших эрхийг Хятадын Үндсэн хууль, өөртөө засах орны хууль тогтоомжид тусгасан байдаг. Харин Өвөр Монголын Боловсролын хэлтэс өнгөрсөн наймдугаар сарын дундуур тус бүс нутаг дахь сургуулиудад шинэ бодлогын дагуу монгол хэлээр заадаг хичээлийн тоог бууруулж, мандарин хэлээр заахаар болсон талаар мэдээлжээ. Өмнө нь хичээлийн хөтөлбөрийн ижил өөрчлөлтийг Төвөдийн өөртөө засах орон, Шинжаан Уйгурын өөртөө засах оронд хэрэгжүүлсэн байна. Хятад дахь үндэстний цөөнхийг зохион байгуулалттайгаар, зарим тохиолдолд хүчээр уусгах үйл ажиллагаа Хятадын дарга, Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний удирдлага дор улам эрчимжсээр байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.