Европт халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж буйг анхааруулжээ
Европ даяар коронавирусний халдварын үзүүлэлтүүд огцом нэмэгдэж байгааг анхааралдаа авах хэрэгтэй байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ Европын бүсийн асуудал хариуцсан дарга Ханс Клюге пүрэв гарагт мэдэгдэв.
"Европын Холбооны гишүүн орнуудын тэн хагасаас илүү хувьд халдварын шинэ тохиолдлын тоо өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд хоёр дахин нэмэгдлээ. Нөхцөл байдал маш ноцтой байна” гэж Х.Клюге Данийн нийслэл Копенхаген хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.
“COVID-19” халдвар өнгөрсөн оны сүүлээс дэгдэж эхэлснээс хойш дэлхий даяар өнөөдрийн байдлаар 30 сая гаруй хүн халдвар авч, 940 мянга гаруй хүн халдварын улмаас нас барсан байна.
Х.Клюгегийн мэдээлснээр, Европ даяар өнгөрсөн долоо хоногт халдварын 300 мянга гаруй шинэ тохиолдол илэрсэн нь гуравдугаар сарын оргил үеийн ижил үзүүлэлтийг давжээ. Хэдийгээр шинжилгээнд хамруулж буй хүмүүсийн тоог нэмэгдүүлж буй нь уг үзүүлэлтэд нөлөөлж байгаа боловч халдварын тархалт анхаарах хэмжээнд хүрснийг харуулж байна гэж тэрбээр хэлжээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн тоо болон нас барсан хүмүүсийн тоо халдварын тохиолдлын нэгэн адил огцом өссөн дүн үзүүлээгүй хэдий ч Испани, Франц нэмэгдэж буй хандлага ажиглагдсан байна.
Европт сүүлийн үед илэрч буй халдварын тохиолдлуудын дийлэнх нь хүндээр өвчлөх магадлал багатай хэмээн үзэж буй залуучууд байгаа боловч өндөр настай хийгээд эмзэг бүлгийн хүмүүс халдвар авбал нөхцөл байдал хүндрэх юм.
ДЭМБ-ын мэдээллээр Европт цар тахал дэгдсэнээс хойш таван сая гаруй хүн халдвар авч, 228 мянга гаруй хүн нас баржээ
Бид халдварын эсрэг дахин тэмцэж чадна
“Энэ оны хавар, зуны эхээр авч хэрэгжүүлсэн хөл хорионы арга хэмжээнүүд тодорхой үр дүн өгсөн. Зургаадугаар сард халдварын тохиолдлын тоо хамгийн бага хэмжээнд хүрсэн. Харин есдүгээр сард халдварын халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж буйг бид анхааралдаа авах хэрэгтэй” гэж Х.Клуге хэлжээ.
“Бид өмнө нь халдвартай тэмцэж чадсан. Дахиад ч тэмцэж чадна” гэж ДЭМБ-ын Европын бүсийн асуудал хариуцсан дарга хэлсэн байна. Тэрбээр Европын орнуудад ирэх 10, 11 дүгээр сард халдварын улмаас нас барсан хүний тоо нэмэгдэж болзошгүй байгааг энэ долоо хоногийн эхээр мөн анхааруулсан юм.
Европт нөхцөл байдал ямар байна вэ?
Их Британид өдөрт бүртгэгдэж буй халдварын шинэ тохиолдлын тоо өнгөрсөн тавдугаар сарын дунд үеэс хойших хамгийн өндөр хэмжээнд хүрчээ. Үүнтэй холбогдуулан Английн зүүн хойд нутагт олон нийтийн цуглааныг хязгаарлах гэх мэт шинэ дүрэм журмыг хэрэгжүүлэхээр болжээ.
Мөн Францад пүрэв гарагт халдварын 10593 тохиолдол шинээр илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш тус улсад өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Эрүүл мэндийн сайд Оливье Веран коронавирус “дахин маш идэвхтэй болсныг” анхааруулсан байна.
Испанид лхагва гарагт халдварын улмаас 239 хүн нас барсан нь зургаадугаар сараас хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Мөн тус улсад илэрч буй халдварын шинэ тохиолдлуудын дийлэнх нь нийслэл Мадрид хотод бүртгэгдэж буйтай холбоотойгоор эрх баригчид хөл хорионы шинэ арга хэмжээнүүдийг танилцуулахаар төлөвлөж байна.
Чех улсад өдөрт халдварын 2000-аас дээш тохиолдол анх удаа бүртгэгдсэнтэй холбогдуулан тус улсын Ерөнхий сайд халдвараас урьдчилсан сэргийлэх дүрэм журмуудыг сайтар баримтлахыг ард иргэддээ уриалжээ.
Мөн Нидерландад халдварын шинэ тохиолдлын тоо өмнө нь бүртгэгдэж байгаагүй хэмжээнд хүрсэн тул Засгийн газар баасан гарагт шинэ арга хэмжээнүүдийг танилцуулах төлөвтэй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.