“Crew Dragon” дөрвөн сансрын нисгэгчийг ОУСС-д хүргэнэ

“Crew Dragon” дөрвөн сансрын нисгэгчийг ОУСС-д хүргэнэ

АНУ-ын “SpaceX” компанийн бүтээсэн “Crew Dragon” сансрын хөлөг ирэх 10 дугаар сарын 31-нд дөрвөн сансрын нисгэгчийг Олон улсын сансрын станцад /ОУСС/ хүргэнэ гэж АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ мэдээллээ.

“Crew Dragon” ОУСС-д сансрын нисгэгчдийг хүргэх туршилтаа энэ оны тавдугаар сард амжилттай явуулснаасаа хойш ийнхүү нислэг үйлдэх гэж буй нь энэ юм. Уг туршилтын нислэгээр ОУСС-д очсон Америкийн хоёр сансрын нисгэгч хоёр сарын даалгавраа гүйцэтгэсний дараа наймдугаар сард эргэн ирсэн байна.

“SpaceX” компанийн сансрын хөлөг 10 дугаар сарын 31-нд АНУ-ын зүүн өмнөд нутгийн Флорида муж улс дахь Кеннедийн нэрэмжит сансар судлалын төвөөс хөөрнө гэж “NASA” даваа гарагт мэдээлжээ. Японы сансрын нисгэгч Сойчи Ногүчи, АНУ-ын сансрын нисгэгчид Майкл Хопкинс, Виктор Гловер, Шэннон Уокер нар зургаан сарын даалгавар гүйцэтгэхээр ОУСС-ыг зорих ажээ.

АНУ-ын “Space Shuttle” хөтөлбөр 30 жил үргэлжилсний эцэст 2011 онд зогссоноос хойш “NASA” уг хөтөлбөрийн залгамжлагчийг бүтээхээр “SpaceX” компанитай хамтран ажиллажээ. 2020 оны тавдугаар сард “Crew Dragon” нь ОУСС-д сансрын нисгэгчдийг хүргэсэн анхны арилжааны хөлөг болсон юм. Мөн Америкийн сансрын нисгэгчдийг эх орондоо үйлдвэрлэсэн сансрын хөлгөөр улсынхаа нутаг дэвсгэрээс хөөргөсөн түүхэн үйл явдал болсон билээ. 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.