Сэлэнгэ аймгийн 382 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одонг нь гардуулж, баяр хүргэлээ.
Энэ жил Сэлэнгэ аймгийн 382 ээжид, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 38, Хоёрдугаар зэргийн одонг 344 ээжид тус тус хүртээлээ. Эдгээр ээжүүдийн дотор одонгоо зэрэг гардан авч буй эгч дүүс Шаамар сумын иргэн Хүрлээгийн Ариунжаргал, Хүрлээгийн Сүрэнцэцэг нар байгаа юм.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ЭЭЖҮҮДЭД ХАНДАН:
“Эрхэм хүндэт ээжүүд ээ,
Энэрэл, хайрын дээд ачит эхчүүд ээ,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, аав ээжийн амин эрдэнэ болсон бяцхан үрсээ өлгийдөн авч, энэрэл хайраар дутаалгүй өсгөн бойжуулж байгаад тань халуун талархал илэрхийлье.
Зүйрлэн хэлж боломгүй нандин сэтгэл, талархан хайрлаж дуусамгүй их ачлалын эзэн болсон ээжүүддээ монголын төр жил бүр эх үрсийн баярын өдөр хүндлэл үзүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одон гардуулж ирсэн уламжлалтай.
Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг цаг хугацаандаа гарсан хэдий ч дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас хойшлогдож, сарын өмнөөс засаг захиргааны нэгжид ажиллах үеэрээ ээжүүдийнхээ одонг гардуулахаар шийдвэрлэсэн юм.
Өнөөдөр миний бие Сэлэнгэ аймагт ажиллаж, “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одонг 382 ээжид гардуулсандаа туйлын баяртай байна. “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг хүртсэн 38, Хоёрдугаар зэргийн одонг хүртсэн 344 ээжид халуун баяр хүргэж, гэр бүл, энхрий үрсэд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Мөн өнөөдөр одонгоо зэрэг гардан авч байгаа эгч дүүс Шаамар сумын иргэн Хүрлээгийн Ариунжаргал, Хүрлээгийн Сүрэнцэцэг нарт аз жаргал хүсье.
Эрүүл чийрэг, ухаан саруул, шинэ үеийн монгол хүнийг хүмүүжүүлж буй ээжүүдийн ариун үйлсийг төр өндрөөр үнэлж ирсэн бөгөөд “Эхийн алдар” одон бол монгол төрийн сайхан уламжлал, цаашид ч үргэлжлэх ёстой хамгийн шударга, нандин шагнал байх болно.
Харин эхчүүд, хүүхдүүдийн нийгмийн баталгааг сайжруулах, эхчүүд үр хүүхдээ эрүүл, аюулгүй, таатай нийгэмд өсгөн хүмүүжүүлэх нөхцөлийг нь төр бүрдүүлж чадаж буй эсэхэд хэн бүхэн анхаарал хандуулах ёстой болоод байна. Эхчүүдийг дэмжиж, хүүхдүүдийг хамгаалахад чиглэсэн оновчтой бодлого хэрэгжүүлнэ гэдэг үндсэндээ монголын ирээдүй гэрэл гэгээтэй байхыг урьдчилан баталгаажуулж буй хэрэг юм.
Тийм ч учраас миний бие өнгөрсөн хугацаанд хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд хүртээх, хүүхэд хамгааллын бодлогыг нягтруулах, хэрэгжилтийг сайжруулах чиглэлд тодорхой ажлуудыг санаачилж ажилласан. Цаашид хүүхдийн мөнгийг бууруулахгүйгээр ямар ч ялгаваргүйгээр тогтвортой өгөхийн хамт ээжүүдийн хөдөлмөр зүтгэлийг бодитойгоор үнэлж цэгнэх цаг болсон гэж үзэж байна. Энэ чиглэлд Улсын Их Хурал, Засгийн газартай хамтран ажиллаж, бодитой үр дүн гаргахын төлөө шахаж шаардаж ажиллах болно.
Өнөөдөр одонгоо гардан авсан үзэсгэлэнт ээж нартаа болон Сэлэнгэ аймгийн нийт эхчүүд, охид эмэгтэйчүүддээ монгол төрийн нэрийн өмнөөс болон хувиасаа дахин халуун талархал илэрхийлж, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монголын маань үрс маш олон болтугай” гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.