Нэмэлтээр экспортлох махны хэмжээг 40 мянган тонноор тогтооно
Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж экспортоор гаргах махны хэмжээг нэмэх зөвлөмж гаргасан тухай Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэдээлэв.
Хуралдааны эхэнд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы танилцуулснаар, Монгол Улсын 2020 онд бусад улсад нэмэлтээр экспортлох дулааны аргаар боловсруулсан хонь, ямааны махны тоо хэмжээний тухай хэлэлцээрийг хэвийн явуулах ёстой. Түүнчлэн бэлчээрийн ургамал муу байгаа, даац олон дахин хэтэрсэн, өвөлжих нөхцөл хүндэрч болзошгүй гэдгийг тэмдэглэв. Тухайлбал, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймгийг зудын эрсдэлтэй гэж үнэлжээ. Тиймээс дээрх аймгуудаас бэлтгэсэн хонь, ямааны махыг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай байгааг харгалзаж дулааны аргаар боловсруулсан хонь, ямааны махны экспортыг 10 дугаар сараас эхлэн зургаагаас доошгүй сарын хугацаанд бэлтгэж экспортлох, хэмжээг нэмэх санал гаргав.
Хуралдаанаар, хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс дараах зөвлөмж гаргаж, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханд чиглэл болголоо. Тодруулбал, 2020 онд нэмэлтээр экспортлох стратегийн хүнс болох дулааны аргаар боловсруулсан хонь, ямааны махны хэмжээг дөчин мянган тонн хүртэл байхаар тогтоохыг зөвлөмжид дурджээ.
Түүнчлэн Монгол Улсын 2020-2021 оны хүйтэн улирлын төлөв байдлыг үндэслэн Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгаас бог мал бэлтгэх ажлыг экспортын эрх бүхий аж ахуйн нэгжтэй хамтран шуурхай зохион байгуулахыг холбогдох аймгийн Засаг дарга нарт чиглэл болгов.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.