Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр хохирсон иргэдийг хүлээн авч уулзлаа
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамрагдсан ч одоог хүртэл байрандаа орж чадаагүй байгаа иргэдийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах байршил Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хороо, Мамбадацан хийд орчмын В хэсэгчилсэн талбайд Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/337 дугаар захирамжаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “Их өргөө” ХХК-ийг батламжилсан байна. “Их өргөө” ХХК нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх явцдаа Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхоны ашиглалтын шаардлага хангахгүй болсон долоон барилгыг буулган, нийт 85 айл өрхтэй гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулахдаа 2015 онд ашиглалтад орох орон сууцаар хангахаар тохиролцжээ. Гэвч төсөл хэрэгжүүлэх хугацаандаа үйл ажиллагааны зөрчил удаа дараа гарган, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй "Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын хэрэгжилтийг хангаагүй тул төсөл хэрэгжүүлэх эрхийг Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/442 дугаар захирамжаар цуцалсан байна. Төсөл хэрэгжүүлэх эрх цуцлагдсантай холбоотой “Их өргөө” ХХК-тай гурван талт гэрээ байгуулан газар чөлөөлсөн 85 айл өрхийн эрх ашиг хөндөгдсөн учир иргэдийг нийслэлийн өмчийн түр орон сууцанд дараагийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах хүртэл хугацаанд суурьшуулж байгаа аж.
Иргэдийн зүгээс “Энэ асуудал шийдэгдэхгүй долоон жил өнгөрлөө. Бид хандаж болох бүх хүнд хандсаар ирсэн. Одоо хүртэл байрандаа орж чадахгүй явна. Бид байрандаа ормоор байна. Эсвэл нөхөн төлбөр авах хүсэлтэй байна. Гэрээнд заасан нөхцөлөөрөө л асуудлаа шийдүүлмээр байна. Тухайн үед төсөл хэрэгжүүлэхээр эрх авсан компанид хариуцлага тооцох хэрэгтэй. Олон жил ингэж ард иргэдийг хохироож болохгүй. Өнөөдөр бидний асуудлыг ойлгож, хүлээн авч уулзан боломжтой шийдлээр нь шийдэж ажиллан гэж байгаад талархалтай байна” гэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Та бүхний асуудлыг маш сайн ойлгож байна. Олон жил яригдсан асуудал. Хаана хаанаа боломжтой хувилбараар шийдэх нь зүйтэй. Асуудлыг бодитоор харж, хамтдаа зөв гарц гаргалгааг гаргах шаардлагатай байна. Холбогдох албаны хүмүүс болон та бүхний төлөөллийг оролцуулсан хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллана. Иргэдийнхээ оролцоотойгоор хамтарч асуудлаа шийдвэрлэнэ” гэдгээ илэрхийллээ.
ЭХ СУРВАЛЖ: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.