Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байна

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байна

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол- БНСУ-ын парламентын бүлгийн дарга Ж.Мөнхбат өнөөдөр (2020.10.01) Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Эрхэмсэг ноён Ли Ё Хуныг хүлээн авч уузлаа.

Энэ онд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож, хоёр улсын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжин хөгжихийн зэрэгцээ иргэд хоорондын найрсаг харилцаа улам бэхжиж байгаад баяртай байгаагаа УИХ дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Ж.Мөнхбат илэрхийлэв. Мөн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга, ноён Пак Бён Со-г Монгол Улсад айлчлах урилгыг хүргүүлснийг дурдаад тус улсын Засгийн газраас манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэв.

Цаашид хоёр улсын найрсаг харилцааг улам өргөжүүлж, боловсрол, соёл, шинжлэх ухаан, аялал жуулчлал, спортын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлэхэд УИХ дахь парламентын бүлэг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

Түүнчлэн, хоёр улсын эдийн засгийн форумын зохион байгуулах, парламентын гишүүдийн харилцан айлчлалыг тогтмолжуулах, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрт туссан “Солонго 1,2” орон сууцны хорооллыг барих төслийн санхүүжилтийн асуудалд Элчин сайдын зүгээс анхаарч ажиллахыг хүсэв.

Элчин сайд Ли Ё Хун УИХ дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийг ахлах болсонд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатад баяр хүргээд парламентын зүгээс хоёр орны харилцаанд чухал ач холбогдол өгч, өргөн бүрэлдэхүүнтэй бүлэг байгуулсанд баяртай буйгаа илэрхийллээ.

Тэрбээр, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд 2020 оныг “Монгол, Солонгосын найрамдлын жил” болгон зарлаж, олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас хоёр талын төлөвлөсөн томоохон айлчлал, арга хэмжээ хойшлогдсон. Монгол Улсын Засгийн газраас хорио цээрийг цуцалсан тул энэ сарын 08-ны өдөр 30 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний бага хурлыг Гадаад харилцааны яамтай хамтран зохион байгуулахаар болсныг танилцуулав.

Мөн хоёр улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх” төсөл, Аялал жуулчлалын сургалт, дадлагын төв байгуулах төслүүд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Уулзалтаар талууд хоёр улсын харилцааг шат ахиулан хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах чиглэлийн талаар ярилцаж, санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.