Монгол Улсад ДЭМБ томуугийн вирусний эсрэг дархлаа үүсгэдэг вакциныг гардуулав

Монгол Улсад ДЭМБ томуугийн вирусний эсрэг дархлаа үүсгэдэг вакциныг гардуулав

УОК, ЭМЯ, ГХЯ-аас хамтран зохион байгуулдаг “COVID-19”-ийн нөхцөл байдлын талаар хэвлэлийн бага хуралд ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др. Сергей Диордица өнөөдөр оролцож томуугийн эсрэг вакцины талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, Томуу нь хүндэрсэн тохиолдолд хэвтэн эмчлүүлэх, цаашлаад нас баралтад хүргэдэг өвчин билээ. Томуугийн улирлын дэглэлт жил бүр өөр, хүн амын бүлэгт харилцан адилгүй нөлөө үзүүлдэг боловч жил бүр хэдэн зуун сая хүн томуугаар өвдөж, олон зуун мянган хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хэдэн арван мянган хүн томуугийн улмаас нас бардаг. Улирлын томуугийн дархлаажуулалт нь томуугаас сэргийлэх хамгийн сайн бөгөөд ялангуя “COVID-19”-ийн цар тахлын үед томуугаас хамгаалах нэн чухал арга юм” хэмээв.

Мөн тэрбээр, “ДЭМБ-аас Бразил улсад үйлдвэрлэсэн (Butantan) гурван цэнт томуугийн эсрэг вакцин буюу томуугийн гурван вирус томуугийн А хүрээний H1N1 болон H3N2, томуугийн В хүрээний вирусний эсрэг дархлаа үүсгэдэг вакциныг Монгол Улсад гардуулан өгч байна.

Энэхүү вакцин нь 717,000 ам долларын өртөгтэй бөгөөд 10 хүн тунгаар савласан. Вакциныг эн тэргүүнд 9-өөс дээш насны хүүхэд болон насанд хүрэгчид, тэр дундаа эрүүл мэндийн салбарын ажилчид, архаг хавсарсан өвчтэй хүмүүс болон 65-аас дээш насны хүмүүст хийх болно. Мөн вакцинаас гадна 18,175 ам долларын өртөг бүхий тариур, зүү, аюулгүй хайрцаг зэрэг бусад дагалдах хэрэгслүүдийг гардуулж байна. Түүнчлэн томуугийн эсрэг дархлаажуулах аянг үндэсний болон орон нутгийн түвшинд аюулгүй, цаг хугацаанд нь зохион байгуулах ажлын зардалд 150,000 ам.долларын дэмжлэгийг Засгийн газарт үзүүлж байна. Үүнийг томуугийн нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулах үндэсний болон орон нутгийн дархлаажуулалтын эмч, сувилагч нарыг сургах, 10 хоногийн дархлаажуулалтын аяны үеэр нэмэлтээр дүүрэг болон аймгуудад ажиллах явуулын багийн зардалд зарцуулна” гэв.

Томуугийн вакцин нь хүүхэд, ажиллах насны насанд хүрэгчид болон ахмад настнуудын томуугийн улмаас хэвтэн эмчлүүлэх эрсдэлийг бууруулдаг бөгөөд 2018 оны судалгаагаар 2012-2015 онд насанд хүрэгчдийн томуугийн улмаас эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэх эрсдэлийг 82% хүртэл бууруулсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.