Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.10.02) нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ талаарх танилцуулгыг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хийлээ.
Дэлхий нийтээр цар тахлын нөлөөнд автаж, дэлхийн эдийн засаг 2020 онд 5 орчим хувиар агших хүлээлттэй байна. Энэ нь их хямралаас хойшхи хамгийн огцом уналт болж, улс орон бүрд алагчлалгүйгээр сорилт тулгаж байна. Ковид-19 цар тахлын нөлөөгөөр Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний хагас жилд 9.7 хувиар агшаад байна. Экспортын орлого буурч, төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдсэн нь валютын нөөц дээр дарамт учрууллаа. Түүнчлэн зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсэж, зээлийн чанар муудах эрсдэл өндөр байгаа нь банк, санхүүгийн байгууллагын зээлийн нөхцөлийг чангаруулахаар байна. Энэ үед санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, зээлдэгчдийн санхүүгийн хүндрэлийг зөөлрүүлэхэд чиглэсэн бодлогын багц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг Монголбанкны ерөнхийлөгч эхлээд онцлов.
Цар тахлын хүндрэлтэй үед Монголбанкнаас 3 багц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Нэгд, бодлогын хүү болон төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулах, төв банкны санхүүжилтийн хэрэгслийн нөхцөлийг зөөлрүүлэх, барьцаа хөрөнгийн жагсаалтыг нэмэгдүүлэх, хугацааг уртасгах зэрэг арга хэмжээг авлаа. Энэ нь банкны системийн хөрвөх чадварыг хадгалах, банкуудын зээлд гаргах боломжтой эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилготой. Бодлогын хүүг 3 нэгж хувиар бууруулахын зэрэгцээ төгрөгийн заавал байлгах нөөцөөс 320 орчим тэрбум төгрөгийн нөөцийг чөлөөллөө. Банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангах зорилгоор богино хугацаат репо санхүүжилтээр 2.4 их наяд төгрөг, гадаад валютын своп хэлцлээр 1.7 их наяд төгрөгийн нөөцийг банк хоорондын захад нийлүүлээд байна.
Хоёрт, банкны системийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор банкны хяналт шалгалтын журам, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтэд түр өөрчлөлт оруулж, зээлд бүтцийн өөрчлөлт хийх, актив ангиллын журамд тохиргоо хийлээ. Энэхүү зохицуулалтын хүрээнд 3.8 их наяд төгрөгийн бизнесийн зээлд ангилал өөрчлөлгүйгээр бүтцийн өөрчлөлт хийлээ.
Гуравт, өрхийн гар дээр үлдэх орлогыг нэмэгдүүлэн хэрэглээг тэтгэж, санхүүгийн хүндрэлийг нь хөнгөвчлөх, төлбөр тооцоог хялбарчлах зорилгоор хэрэглээний болон ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах арга хэмжээг авлаа. Энэ хүрээнд 728 тэрбум төгрөгийн 82,868 зээлдэгчийн хэрэглээний зээл, 2.0 их наяд төгрөгийн 38,270 зээлдэгчийн ипотекийн зээлд ангилал өөрчлөлгүйгээр бүтцийн өөрчлөлт хийгээд байна. Монголбанкны зүгээс авсан эдгээр арга хэмжээ нь цар тахлын улмаас эдийн засагт үүссэн уналтаас иргэд, аж ахуйн нэгж, банкны системийг хамгаалах, үүссэн шокыг зөөлрүүлэх, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах замаар сэргэлтийн боломжийг хадгалахад чиглэж байгааг дурдав.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийг боловсруулахдаа эдийн засгийг хямралаас гаргаж, дунд хугацааны тогтвортой байдлыг хангах зарчмыг баримталсан. Инфляцыг нэмэх, хасах 2 нэгж хувийн интервалтай 6 хувийн орчимд тогтворжуулах зорилтод шилжиж буй нь мөнгөний бодлогын онцлог болж байна. Инфляцын хэлбэлзлийг бууруулж, эдийн засаг, санхүүгийн зах зээлийн нөхцөлтэй уялдсан бага түвшинд тууштай бууруулах бодлогыг хэрэгжүүлэх нь эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах үндэс болно. Энэхүү бодлогын дунд хуагцааны үр дүн нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн хэлбэлзэл, санхүүгийн зах зээл дээрх хүү буурах байдлаар илэрнэ гэж үзэж буйгаа онцлов.
Коронавируст цар тахал /Ковид-19/ олон улсын эдийн засагт түүхэнд байгаагүй огцом уналтыг бий болгож, зарим түүхий эд экспортлогч орны мөнгөн тэмдэгт 10-30 хувь хүртэл суларлаа. Харин төгрөг ам.долларын эсрэг оны эхнээс 4 орчим хувь суларсан нь экспортын орлого 40-50 хувь хүртэл тасарсан хүнд үед тойрох аргагүй, шаардлагатай бодлогын тохиргоо байсныг Монголбанкны ерөнхийлөгч онцоллоо. Монгол Улсын экспортын үнэ, хэмжээ оны эхний хагас жилтэй харьцуулахад нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалт, олон улсын байгууллагууд, хөгжлийн түнш орнуудын санхүүгийн дэмжлэг үргэлжилж байгаа нь валютын урсгалыг тэтгэж байна. Түүнчлэн Монгол Улс 2021 онд төлөгдөх 500 сая ам.долларын “Мазаалай” бонд, 2022 онд төлөгдөх 1 тэрбум ам.долларын “Чингис” бондыг хэсэгчлэн амжилттай дахин санхүүжүүлсэн, ХХБ-ны 500 сая ам.долларын бонд амжилттай төлөгдсөн зэрэг нь богино хугацааны гадаад төлбөрийн дарамтыг буурууллаа.
Гадаад валютын нөөцийн хүрэлцээ импортын 8-9 сарын хэрэгцээг хангах түвшинд хадгалагдаж байна. Төгрөгийн харьцангуй уян хатан ханш нь эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэйгээр төлбөрийн тэнцлийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын нөөцийн хүрэлцээг алдагдуулахгүй байх, гадаад шокын сөрөг нөлөөллийг зөөлрүүлэх үүргийг гүйцэтгэж байгааг тэмдэглэлээ.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд Мөнгөний бодлогын хүрээнд:
- Мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлж хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг 2021-2023 онд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тулгуурлана.
- Банкны системийн эрсдэлээс сэргийлэх, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэхэд чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ.
- Төв банкны ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлж, зах зээлд оролцогчдын хүлээлтийг удирдах зорилгоор олон нийтийг мэдээллээр хангаж ажиллана.
Банкны салбарын тогтвортой байдлын хүрээнд:
- Санхүүгийн мөчлөг сөрсөн арга хэрэгслийг ашиглан банкны салбарт учирч болзошгүй сөрөг нөлөөг бууруулж, банкны эрсдэл даах чадварыг хадгална.
- Банкны хяналт шалгалт, зохицуулалтын арга хэрэгслийг олон улсын стандарт, зөвлөмжид нийцүүлэн сайжруулж, банкны хяналт шалгалт, зохицуулалтын орчинг боловсронгуй болгоно.
- Банк, санхүүгийн салбарын хууль тогтоомжийн давхардал, зөрчил, хийдлийг арилгах зорилгоор хууль, эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлнэ.
Санхүүгийн захын дэд бүтцийг хөгжүүлэх хүрээнд:
- Үндэсний төлбөрийн системийн эрх зүйн орчныг сайжруулах замаар шинэ технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг дэмжиж, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлнэ.
- Төв банкны суурь бүртгэлийн болон дотоод удирдлагын цогц системийг нэвтрүүлж, бүртгэл, удирдлага, хяналт, тайлагналд олон улсын сайн туршлагыг нэвтрүүлнэ.
- Санхүүгийн хүртээмжийг сайжруулах, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад дэмжлэг үзүллэх зорилгоор иргэд, бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлнэ хэмээн тодорхойлжээ.
Улсын Их Хурлаас баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад төр, хувийн хэвшлийн түншлэл, байгууллага хоорондын ажлын уялдаа нэн чухал байна. Мөн олон жил яригдаж байгаа ч, тодорхой ахиц гарахгүй байгаа нэг асуудал нь чанаргүй зээлийн асуудал юм. Дотоодын болон олон улсын байгууллагын судалгаагаар зээлийн гэрээний шаардах эрхийг шүүхээр баталгаажуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбоотой хууль тогтоомжийн өнөөгийн зохицуулалт нь чанаргүй зээл үүсэхэд нөлөөлж байна гэсэн дүгнэлтийг хийж байна. Иймд зээлийн хүүг бууруулах, санхүүгийн зуучлалд дэмжлэг үзүүлэхэд зээлийн гэрээний маргааныг түргэн шуурхай, зөв зохистой шийдвэрлэхэд холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлыг Засгийн газар, тэр дундаа Хууль зүй, дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр эрчимжүүлэх шаардлага нэн чухал болоод байна гэдгийг онцолж байв.
“Зээлийн хүүг бууруулах стратеги”-д тусгасан олон талт арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэхэд төсөв, мөнгөний бодлогын уялдаа маш чухал. Бодлогын хүү, хадгаламж, зээлийн хүү сүүлийн 20 гаруй жил өндөр түвшинд тогтож ирсэн нь Монгол Улсын эдийн засгийн савалгааны тусгал юм. Энэ савалгааг бууруулахгүйгээр хүү тогтвортой буурахгүй. Иймд Монгол Улсын төсөв, мөнгөний бодлого нь эдийн засгийн мөчлөгийн хэлбэлзлийг бууруулж, бизнест таатай макро орчныг бүрдүүлэх нь чухал байна гэдгийг дурдав.
Монгол Улс 2019 онд Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалтаас гарах чиглэлээр чамгүй ажил амжууллаа. ФАТФ-аас өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийг хангаснаар стратегийн дутагдалтай орны жагсаалтаас гарах бололцоог бүрдүүллээ. Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны дараагийн явцын үнэлгээ 2023 онд хийгдэх бөгөөд үүний бэлтгэл ажлыг ирэх оноос эхлүүлж, үндэсний хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөөг Засгийн газраас баталж, хэрэгжүүлж эхлэх шаардлагатайг онцоллоо.
Макро эдийн засгийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл 2020 онд цар тахал болон гадаад орчны бусад таагүй нөлөөгөөр гадаад худалдаа удааширч, хөрөнгө оруулалт саарч, дотоод эдийн засаг агшин инфляцын дарамт харьцангуй бага байх төлөвтэй байна. Ирэх онд гадаад, дотоод эдийн засаг аажмаар сэргэх хүлээлттэй байгаа ч Ковид-19 цар тахлын эсрэг үр дүнтэй эмчилгээ, вакцин гараагүй цагт тодорхой бус байдал өндөр хэвээр хадгалагдаж, эдийн засгийн суурь эрсдэл хэвээр байна. Гэвч цар тахлаас үүдэлтэй энэ хүнд үед санхүүгийн нөөцийг аль болох үр ашигтай зарцуулах нь туйлын чухал байгааг Монголбанкны ерөнхийлөгч тэмдэглээд Ковид-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн төсөв, мөнгө, санхүүүгийн зохицуулалтын арга хэмжээ үр дүнтэй байгаа бөгөөд ирэх жилийн эдийн засгийн сэргэлтэд дэмжлэг болно гэж үзэж буйгаа дурдлаа.
Эдийн засгийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд төсийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Тогтоолын төслийн талаарх Монголбанкны ерөнхийлөгчийн танилцуулга, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, Д.Ганбат, С.Одонтуяа, Т.Аюурсайхан, С.Ганбаатар, Н.Алтанхуяг, С.Чинзориг, Г.Амартүвшин, О.Цогтгэрэл, А.Адъяасүрэн, Ж.Бат-Эрдэнэ, Б.Чойжилсүрэн, Б.Баттөмөр нар Монголбанкы ерөнхийлөгч болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авав.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, эдийн засгийн идэвхжлийг дагаад үнийн түвшний өсөлт сүүлийн 2 жил гаруй хугацаанд Төв банкны зорилтот түвшний орчимд хадгалагдаж байна. Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх жилийн инфляц 2020 оны 6 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 2.8 хувь, Улаанбаатар хотод 2.4 хувь байна Өрхийн бодит орлого өсөж, тэтгэврийн зээл тэглэсэн зэрэг нь хувийн хэрэглээг тэтгэх нөлөөтэй байсан хэдий ч Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь эдийн засгийн үйл ажиллагааг хязгаарлан, дотоодын идэвхжил огцом суларч, эрэлтийн гаралтай үнийн өсөлт саарах хандлагатай байна. Харин өмнөх жилүүдэд үнийн савлагааг голлож байсан нийлүүлэлтийн шалтгаантай хүчин зүйлсийн үнийн өсөлт тогтворжиж, өмнөх жилийн үнийн суурь нөлөө нь арилж байна гэдгийг хэллээ.
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Улсын Их Хурлын 2020 оны 32 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Коронавируст халдварын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээ”-нд заасны дагуу төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг 6 хүртэл сараар хойшлуулах ажлын хүрээнд ипотекийн зээлийн эргэн төлөлт хойшлуулах хүсэлт гаргасан нийт 2.35 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 46,115 зээлдэгч байгаа бөгөөд үүнээс 2 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 38,270 зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг 6 сараар хойшлуулжээ. Энэ нь хөтөлбөрийн зээлтэй нийт зээлдэгчийн 53 хувь, ипотекийн зээлийн багцын 60 хувийг эзэлж байна. Ипотекийн зээлийн хугацаагаа хойшлуулаагүй зээлдэгчдэд 2 нэгж хувийн хүүгийн хөнгөлөлтийг 3 сарын хугацаанд олгох үүргийг Засгийн газарт өгсний дагуу зээлийн гэрээнд өөрчлөлт оруулаагүй 1.4 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 34 мянган зээлдэгчид 3 сарын хугацаанд 7 тэрбум гаруй төгрөгийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх урьдчилсан тооцоо гараад байгааг дурдав.
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ээлжит бус хурлаар бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 9 хувьд хүргэх, эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар 1 удаа сунгаж зээлийн сарын эргэн төлөлтийн хэмжээг бууруулах бодлогын багц шийдвэрийг гаргасан. Дэлхий нийтэд Ковид-19 цар тахлын дэгдэлт үргэлжилж, эдийн засгийн гадаад, дотоод нөхцөлийг богино хугацаанд өөрчилж, тодорхой бус байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн идэвхжлийг бууруулах, бизнесийн үйл ажиллагааг хумих, улмаар зээлийн эргэн төлөлт хүндрэх нөлөөг үзүүлж байна. Иймээс цар тахлаас үүдэлтэй эдгээр хүндрэлийг бууруулах, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хадгалах, цаашид эдийн засгийн идэвхжлийг дэмжихэд чиглэсэн мөнгөний болон макро зохистой бодлогын шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна гэсэн хариултыг Монголбанкны ерөнхийлөгч хэллээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Т.Аюурсайхан нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.
ЭХ СУРВАЛЖ: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.