"Сараана" охидын клубыг байгууллаа
МЭХ-ны Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх салбараас дүүргийн нутаг дэвсгэр дэх ерөнхий боловсролын сургуулиудад "Охидын клуб"-ыг шат дараатайгаар үүсгэн байгуулж эхэлсэн. Өнгөрсөн онд Ерөнхий боловсролын Монгол 3-р сургууль, 4-р сургуулиудад "Охидын клуб" нээж, үйл ажиллагааг нь дэмжин ажилласаар ирсэн бол 2020 оны аравдугаар сарын 09-ний өдөр НЕБ-ын 71-р сургуульд охидын "Сараана" клубын нээлтийг зохион байгууллаа.
Нээлтэд МЭХ-ны Нийслэлийн салбарын тэргүүн Б.Бадамсүрэн, зөвлөх Д.Наранцэцэг, "Соёлын солилцоо хөгжлийн төв"-ийн захирал Г. Халиунлуна, зочин илтгэгчээр Нийгмийн бодлого судалгааны хөгжлийн институтийн зөвлөх Б.Баярцэцэг, урлаг судлаач Б. Цэцэгбадам нар оролцож сонирхолтой илтгэл тавьж мэдээлэл өглөө.
Мөн МЭХ-ны СБД дэх салбарын тэргүүлэгч Ж.Баттуяа, П.Тунгалаг, Ю.Шүрэнцэцэг нар охидод нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох, мэдлэг мэдээлэл олж авах, манлайлал үүсгэх чадвар суулгах чиглэлүүдээр мэдээлэл хүргэсэн.
"Сараана" клубын охидтой танилцах, туршлага, солилцох зорилгоор НЕБ-ын 3-р сургуулийн "Оч" клубын охид, багш Г. Сосорбурамын хамт, НЕБ-ын 4-р сургуулийн охид, багш Б.Бадамхандын хамт уригдан ирж, үе тэнгийнхэнтэйгээ танилцаж, туршлагаа хуваалцсан юм. "Оч" клубын охид "Өсвөр насны охидын өмнө тулгамдаж буй асуудал ба шийдэл" сэдвээр эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулж, ялагчдаа зарлан, тэднийг мөнгөн шагнал, батламж үнэ бүхий зүйлсээр шагнаж урамшуулав.
Энэ үеэр НЕБ-ын 71-р сургуулийн сурагчид зочиддоо урлагийн мэндчилгээ хүргэж, СБД-ийн 20-р хорооны анхан шатны дарга Ж.Алтанчимэг болон тэргүүлэгч нар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус сургуулийн охидын клубын үйл ажиллагаанд амжилт хүсч, дурсгалын зүйл гардууллаа.
Эх сурвалж: МЭХ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.