АНУ, БНСУ-ын Батлан хамгаалахын сайд нар хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцжээ
БНСУ-ын Үндэсний батлан хамгаалахын сайд Со Ук болон АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер нар БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах замаар Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг тогтворжуулахад хамтран ажиллах шаардлагатайг мэдэгджээ. Энэ тухай Со Ук АНУ-д айлчилсны дүнд талуудын хийсэн хамтарсан мэдэгдэлд дурдсан байна.
Солонгосын хойгт энх тайван байдал тогтоохын тулд үйл ажиллагаагаа нягт уялдуулан зохицуулж, хамтран ажиллах шаардлагатайг талууд мэдэгдлээ хэмээн АНУ-ын Батлан хамгаалах яамны цахим хуудаст мэдээлсэн байна.
Түүнчлэн бүс нутагт энх тайвныг сахиулах үйлсэд АНУ онцгой үүрэг гүйцэтгэж байгааг БНСУ-ын Батлан хамгаалахын сайд цохон тэмдэглэжээ. Батлан хамгаалахын чадавхиа харуулахын тулд хамтарсан сургууль явуулахын ач холбогдлыг талууд мөн онцоллоо.
Мэдэгдэлд дурдсанаар, талууд үүсэж буй аюул заналхийлэлд үр дүнтэй хариу арга хэмжээ авах, эвслийн цогц арга хэмжээг сайжруулахын тулд янз бүрийн салбарт тэр дундаа сансрын болон кибер салбарт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлэхээр шийджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.