АНУ-д нэг өдөрт халдварын хамгийн олон шинэ тохиолдол илэрчээ
Пүрэв гаргийн байдлаар АНУ-д коронавирусний халдварын 62 мянга гаруй шинэ тохиолдол илэрчээ. Энэ нь халдвар авсан хүний тоо 24 цагийн дотор 66 мянгаар нэмэгдэж байсан долдугаар сарын 31-нээс хойш өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол юм.
Жонс Хопкинсийн нэрэмжит Их сургуулиас мэдээлж буйгаар, АНУ-д халдвар авсан нийт хүний 7.9 сая давсан байна. Коронавируст халдвараас үүдэлтэй өвчин нь хүндэрсний улмаас 217 мянга гаруй хүн нас баржээ. Эдгээр үзүүлэлтээр тус улс дэлхийн улс орнуудын дунд нэгдүгээрт орж байгаа юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт “Fox Business” телевизэд ярилцлага өгөхдөө, тус улсад халдвар дахин дэгдсэн тохиолдолд хязгаарлалтын хатуу арга хэмжээ авахгүй гэдгээ мэдэгджээ. Тэрбээр мөн Америкийн эрдэмтдийн боловсруулж буй коронавирусний вакцин энэ оны эцэс гэхэд удахгүй бэлэн болно гэдгийг онцлон дурдсан байна. Үүнээс гадна, тус улсын “Regeneron Pharmaceuticals” компанийн үйлдвэрлэсэн эсрэг биет дээр суурилсан туршилтын ийлдэс нь коронавирусний халдварын эмчилгээнд үр дүнтэй байгааг дахин хэлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.