ДЭМБ: Шинэ вирусээр халдварласан хүмүүсийн 80 хувь нь ЭДГЭРНЭ
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан нийт 73429 тохиолдол бүртгэгдсэнээс эх газрын Хятад улсад 72436 хүн халдварлажээ.
Өнгөрсөн хугацаанд халдварын улмаас нийт 1868 өвчтөн нас барсан бол 12500 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Нэг хоногийн дотор халдварын 1886 шинэ тохиолдол батлагдсан бол 98 өвчтөн нас барж, 1701 өвчтөн эмнэлгээс гарчээ.
- Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус "Шинэ төрлийн коронавирусээр халдварлагсдын 80 хувь нь эдгэрнэ" гэж мэдэгдлээ. Түүний хэлснээр, эрсдэлтэй бүлэгт өндөр настнууд орж байна. Харин хүүхдүүд “COVID-19” коронавирусийн халдвар авах нь ховор буйг тэрбээр дурьджээ. Халдвар авсан тохиолдлын 14 хувь нь ноцтой өвчлөлд хүргэж байгаа бол таван хувьд амьсгалын замын эрхтнүүд ажиллахаа больж, цусны халдварын шок, эд эрхтэн нь ажиллахаа болих зэрэг хүнд хэлбэрээр илэрч байна. Хятад улсын газар нутгаас гадна нийт 694 хүн энэ вирусийн халдвар авснаас гурав нь нас баржээ.
- Ухань хотын түр эмнэлгийн дарга “COVID-19” коронавирусээр халдварлан, нас барсан тухай “Жэньминь Жибао" сонин мэдээлжээ. “Учан” эмнэлгийн захирал Лю Жимин энэ сарын 17-нд нас баржээ. Тэрбээр коронавирусийн халдварын улмаас нас барсан эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын эхнийх болов.
- Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтын оргил үе энэ сарын дунд болон сүүл үед тохионо гэж Хятадын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооноос мэдээлжээ. Дөрөвдүгээр сар гэхэд тус улсад нөхцөл байдал тогтворжих аж.
- Хятад улсад коронавирусийн шинэ тохиолдол буурч байгааг маш болгоомжтой үнэлэх хэрэгтэй. Учир нь хүн амын өөр хэсэгт халдварын шинэ тохиолдлууд илэрч байгаа тул энэ хандлага өөрчлөгдөж болзошгүй гэж ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдээлжээ. Гэхдээ “COVID-19” вирус бусад вирусийг бодвол хоруу чанар багатай гэжээ.
- БНХАУ, АСЕАН хамтран шинэ төрлийн коронавирусийн талаар гадаад хэргийн сайд нарын түвшний тусгай уулзалт зохион байгуулна. Энэ сарын 19-21-нд БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И Лаосын Вьентьян хотноо болох уулзалтад оролцох гэнэ.
- Италийн алдарт загвар зохион бүтээгчид Доменико Дольче, Стафано Габбана нар Миланы олон улсын их сургуулийн шинэ төрлийн коронавирусийн судалгааны төслийг санхүүжүүлжээ. Төслийн хүрээнд хүний дархлааны тогтолцоо шинэ төрлийн коронавирусэд хэрхэн хариу үйлдэл үзүүлж буйг судлах аж. ”Хятадаас авахуулаад хүн төрөлхтөнд заналхийлж буй энэ вирустэй тэмцэх тал дээр ямар нэг зүйл хийх шаардлагатай байна. Ийм хэмжээний эмгэнэлийн дэргэд аливаа үйлдэл хэт жижиг санагдаж болох талтай. Эмчилгээний аргыг олох эрдэмтдийн үйл ажиллагааг дэмжих нь ёс суртахууны үүрэг юм” гэж загвар зохион бүтээгчид мэдэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.