Барууны тагнуулын албад Навальныйн хэргийн талаар цочирдом дүгнэлт гаргажээ
Барууны тагнуулын албад ОХУ-ын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныйг хордуулахдаа хөнөөх зорилго агуулаагүй гэсэн дүгнэлтэд хүрсэн гэж “The Guardian” сонинд эх сурвалж дурдан мэдээлжээ.
Навальныйг ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны бүрэлдэхүүнд багтдаг нэгэн бүтцийн төлөөлөгчид хордуулсан гэж тус сонины эх сурвалж үзэж байна. Их Британи, Герман, Францын тагнуулын алба ийн үзэж байгаа бөгөөд Европын холбоо ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны захирал Александр Бортниковын эсрэг хориг арга хэмжээ авсан нь үүнтэй холбоотой гэж тус сонинд онцолсон байна.
Ажиллагааг Навальныйн амийг хөнөөх зорилгоор бус түүнд сануулга өгөх, Оросоос хөөх зорилгоор зохион байгуулсан гэж эх сурвалж ярьжээ.
Энэ оны наймдугаар сарын 20-нд Навальныйн нисэж явсан Томск-Москва чиглэлийн онгоц Омск хотод гэнэтийн буулт хийж, Навальныйг тус хотын эмнэлэгт хүргэсэн. Оросын эмч нар Навальныйд нүүрс усны тэнцвэр, бодисын солилцоо алдагдсан гэсэн онош тавьсан. Мөн сарын 21-нд Навальныйг Германы эмнэлэгт шилжүүлсэн бөгөөд есдүгээр сарын 7-нд Берлиний “Charite” эмнэлэг түүний биеийн байдал сайжирч, хиймэл комоос гаргасан тухай мэдээлсэн билээ.
Өдгөө Навальный эмнэлгээс гарч, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байна. Германы Засгийн газар Навальныйг “Новичок” цэргийн зориулалттай хортой бодисоор хордуулсан гэж, Германы цэргийн эмч нарын оношийг Швед, Францын лабораториуд баталсан гэж мэдэгдэж байв. Химийн зэвсгийг хориглох байгууллагаас /ХЗХБ/ явуулсан шалгалтаар барууны орнуудын танилцуулсан баримтыг нотлох баримт гэж үзэж болно гэсэн дүгнэлт гаргажээ. Ингэхдээ, олон улсын шинжээчид Навальныйг хориглосон химийн бодисын жагсаалтад байдаггүй, “Новичок”-той төстэй бодисоор хордуулсан байж болзошгүй гэж үзсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.