Италид халдварын тархалтыг хязгаарлах дүрэм журмыг чангатгана

Италид халдварын тархалтыг хязгаарлах дүрэм журмыг чангатгана

Италид коронавирусний халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж буйтай холбоотойгоор хязгаарлалтыг чангатгах шинэ арга хэмжээжүүнүүдийг танилцуулжээ.

Италийн Ерөнхий сайд Жузепп Конте дахин хөл хорио тогтоохоос зайлсхийхийн тулд шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг онцолсон байна.

Шинэ шийдвэрийн дагуу хотын дарга нар олон нийтийн үйлчилгээний газруудыг 21 цагаас хаах, зоогийн газруудын нээх цаг болон нэг дор цуглах хүмүүсийн тоог хязгаарлах боломжтой болох ажээ.

Италид өдөрт бүртгэгдэх халдварын шинэ тохиолдлын тоо хоёр өдөр дараалан хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсний дараа дээрх шийдвэрийг гаргажээ. Италид ням гарагт халдварын 11705 тохиолдол шинээр илэрсэн бөгөөд өмнөх өдөр нь 10925 хүн халдвар авсан нь тогтоогдоод байжээ.

Итали нь цар тахал дэгдэж эхлэх үед халдварт хамгийн их нэрвэгдсэн Европын орон юм. Өнөөдрийн байдлаар Италид 414 мянга гаруй хүн халдвар авсан байна. Мөн халдварын улмаас 36500 хүн нас барсан нь Европтоо Их Британийн араас хоёрдугаарт бичигдэх өндөр үзүүлэлт юм.

Ж.Конте юу гэж мэдэгдэв?

“Бид цаг алдаж болохгүй. Эдийн засагт ноцтой хохирол учруулж болзошгүй хөл хориог тогтоохоос зайлсхийхийн тулд шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй” гэж Ерөнхий сайд ням гаргийн орой телевизээр амны хаалттай үг хэлэх үеэрээ мэдэгджээ.

“Засгийн газрын хувьд үүргээ гүйцэтгэж байгаа хэдий ч хүн бүхэн хувь нэмрээ оруулах хэрэгтэй байна. Хамгийн үр дүнтэй арга хэмжээ бол амны хаалт зүүх, зайнаас харилцах, гарын ариун цэвэр сахих явдал юм. Бид хамаатан садан, найз нөхөдтэйгээ байхдаа хараа хяналтаа сулруулдаг бол одоо улам их болгоомжлох хэрэгтэй болоод байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.

Италид өөр ямар арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх вэ?

  • Сургуулиудтай холбоотой шийдвэрүүд нь дээд ангийн сурагчдад илүү хамааралтай. Үүнд хичээл эхлэх цагийг хойшлуулах, зайны сургалтыг түлхүү явуулах багтжээ.
  • Шөнийн цэнгээний газар, зоогийн газрууд шөнө дунд хүртэл ажиллах боломжтой боловч 18 цагаас хойш зөвхөн ширээнд суун үйлчлүүлэх хүмүүсийг хүлээн авна. Мөн дээд тал нь зургаан хүн уулзахыг зөвшөөрнө.
  • Дотоодын хурал зөвлөгөөн, баярын үйл ажиллагааг хойшлуулав.
  • Тамирчид өөр хоорондоо ойр байх шаардлагатай спортын тэмцээнүүдийг зогсоохоор болов.
  • Бялдаржуулах төв, усан бассейн долоо хоногийн дотор шинэ дүрэм журам гаргах шаардлагатай болов.

Европт халдвартай хэрхэн тэмцэж байна вэ?

Европын олон оронд халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан арга хэмжээнүүдээ чангатгаж байна. Францад бямба гарагт халдварын 32427 тохиолдол илэрч, ням гарагт мөн л 30 мянгад дөхжээ.

Гэсэн хэдий ч Европт халдварын батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэж байгаа нь халдварын нэгдүгээр давлагааны үетэй харьцуулахад шинжилгээнд хамруулах хүмүүсийн тоог ихээхэн нэмэгдүүлж байгаатай мөн холбоотой юм.

Францын нийслэл Парис тэргүүтэй есөн томоохон хотод 21:00-06:00 цагийн хооронд хөл хорио тогтоогоод байна. Тухайн хугацаанд хүндэтгэх шалтгаангүйгээр гадуур гарсан хүмүүст 135 еврогийн торгууль ногдуулж байгаа юм.

Швейцарт халдварын тохиолдлын тоо олноор нэмэгдсэнтэй холбогдуулан өнөөдрөөс олон нийтийн газрууд дотор заавал амны хаалт зүүхийг шаардахаар болжээ. Мөн 15-аас олон хүн нэг дор цуглахыг хориглоно.

Чехэд орон даяар хөл хорио тогтоох эсэх шийдвэрийг нөхцөл байдлыг хоёр долоо хоногийн турш ажигласны дараа гаргахаар болсон гэдгийг ням гарагт мэдэгджээ.

Ирландад хязгаарлалтын хатуу арга хэмжээнүүдийг өнөөдөр танилцуулах төлөвтэй байна. Эрх баригчид тодорхой бүсүүдэд хязгаарлалт тогтоох бодлогыг үр дүнгүй гэж үзсэн бөгөөд цаашид онцын шаардлагагүй бүх бизнесийг зогсоох гэх мэт “дөрөвдүгээр түвшний” арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр хэлэлцэж байна.

Германд бямба гарагт халдварын шинэ тохиолдлын тоо өмнө нь бүртгэгдэж байгаагүй хамгийн өндөр хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан Канцлер Ангела Меркель гэртээ байж, боломжтой тохиолдолд зорчих, аялахаас зайлсхийхийг иргэддээ уриалжээ.

Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте Грек рүү аялсан хааны удмын гэр бүлд зөвлөгөө сайн өгөх ёстой байснаа хүлээн зөвшөөрчээ. Засгийн газар хэсэгчилсэн хөл хорио тогтоосны дараа уг гэр бүлийнхэн богино хугацаагаар аялсан нь олны эсэргүүцэлтэй тулгарсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.