Израиль, АНЭУ харилцан визгүй зорчих гэрээ байгуулна

Израиль, АНЭУ харилцан визгүй зорчих гэрээ байгуулна

Израил болон Арабын Нэгдсэн Эмирт Улс харилцан визгүй зорчих тухай гэрээнд 10 дугаар сарын 20-нд гарын үсэг зурна гэж Израилын засаг захиргаан дахь эх сурвалж мэдээлжээ. 

“The Jerusalem Post” сонинд эх сурвалжийн мэдээллээс иш татан бичсэнээр, АНЭУ-ын Сангийн болон эдийн засгийн сайд нарын Израилд хийх айлчлалын хүрээнд дээрх баримт бичигт гарын үсэг зурах аж. Энэхүү гэрээ нь тус хоёр улсын хооронд байгуулсан анхны хэлэлцээр болох юм.

Харилцаагаа хэвийн болгох гэрээнд Израил, АНЭУ АНУ-ын зуучлалтайгаар есдүгээр сарын 15-нд Вашингтон хотноо гарын үсэг зурсан билээ. Израилын парламент гэрээг аравдугаар сарын 15-нд баталсан бөгөөд одоо тус улсын Засгийн газар соёрхон батлах ёстой юм. Хоёр орны хооронд энх тайван, дипломат харилцаа тогтоох тухай хэлэлцээрийг АНЭУ-ын Сайд нарын зөвлөл 10 дугаар сарын 19-ний өдөр баталжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.